Уншиж байна ...

ИРГЭД: Зайсан толгой болон уулын замын түгжрэл 20-30% нэмэгдсэн гэж үзэж байгаа

Б.Манлай
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зайсанд амьдардаг иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс авто замын нэг чигийн урсгалыг эсэргүүцэж, “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр/2024.04.26/ хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Зайсан бүсийн иргэдийн төлөөлөл "Зайсангийн авто замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох Нийслэлийн Засаг Даргын захирамж 2023 оны нэгдүгээр сарын 21-нд гарч байв. Үүнээс хойш жил гаруйн хугацаанд Зайсанд амьдардаг 20,000 орчим иргэн, 1,000 гаруй ААН-ийн эрх ашиг зөрчигдөж байна. Энэ тухай төрийн бүх шатны байгууллагуудад иргэд, ААН-үүд санал гомдлоо өнгөрсөн оноос эхлэн хүргэсэн юм.

Гэвч төрийн холбогдох байгууллагуудаас энэ талаар арга хэмжээ авч, тодорхой хариу ирүүлээгүй.

Тиймээс иргэд, оршин суугчид, ААН-үүдийн төлөөлөл эрх ашгаа хамгаалахын төлөө 2023 оны гуравдугаар сард "Зайсан холбоо" гэсэн нэр дор нэгдэж, НЗД Х.Нямбаатар, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв, хотын Захирагчийн ажлын алба руу гарын үсэг бүхий албан хүсэлтээ гуравдугаар сарын 27-нд хүргүүлсэн юм. Уг хүсэлтийн хариу өгөх хуулийн буюу 30 хоногийн хугацаа өчигдөр дуусгавар болсон ч дорвитой арга хэмжээ авагдаагүй байдалтай байна" гэв.

3,000 орчим иргэн үйлчлүүлдэг ААН-ийн төлөөлөл "Зайсангийн нэг чигийн урсгалтай замаар хөндлөн гарахдаа дөрвөн эгнээ явган хүний гарцаар гардаг. Зам хөндлөн гарах үед явган хүн машинд шүргүүлэх, машинууд хоорондоо мөргөлдөх асуудлууд гарч байна. Хүүхдүүдийн сурч боловсрох, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, тоосжилт ихтэй болсон.

Налайх, Хонхор, Нисэх, Яармаг гэсэн дөрвөн байрлалыг холбосон гол цэг болсон учраас түгжрэл их. Уг замаар өдөрт 4,000 машин явдаг байсан бол нэг чигийн хөдөлгөөнтэй болсноос хойш 7,000 машин Зайсан толгойг тойрч давхиж утаа, тоос нэмэгдсэн. Шөнийн цагаар том оврын машинууд их явдаг. Зайсан толгой болон уулын замын түгжрэл 20-30%-аар нэмэгдсэн гэж үзэж байгаа.

Энэ талаар гуравдугаар сарын 27-ны өдөр дүүрэг рүү албан бичиг явуулсан боловч өчигдөр орой 20:00 цагийн үед дүүргийн н.Хувьзаяа албан бичгийн хариуг өөрийн биеэр авчирч өгсөн. Хариу бичигт "Зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгавар болгохоор төлөвлөн ажиллаж байна" гэсэн байв.

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг яаралтай болиулж өгөхийг шаардаж байна" гэж ярилаа.

Иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Зайсангийн замын нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж, маргааш буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 27-нд 11:00 цагаас "Сарнайх" супермаркетийн орчимд тайван жагсаал зохион байгуулахаар болсныг мэдэгдэв.