ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна
Өнгөрсөн Бямба гарагаас эхлэн нийтийн тээврийн автобусны төлбөрийн системд өөрчлөлт ороод байгаа.
Ингэхдээ автобусны төлбөрийн Umoney төхөөрөмжийг ашиглалтаас хасаж, зөвхөн UB card төхөөрөмжид бүх төрлийн картыг уншуулж төлбөр төлдөг болгосон. Дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болоод байгаа юм. UB card төхөөрөмжид Umoney картыг уншуулахад 4 гэсэн тоо гарна. Энэ нь 1,000 төгрөг төлөөд 3 удаа дамжин суух, тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ гэсэн үг гэж Нийтийн Тээврийн бодлогын Газраас(НТБГ) мэдэгдэв.
Харин систем шинэчлэгдсэнээр Umoney картаас 1,000 төгрөг хасагдах болон үлдэгдэл мөнгөний хэмжээг төхөөрөмжийн дэлгэц дээр харуулдаггүй болсон тухай иргэд хэлж байна. Хуучин зохицуулалтаар тухайн зорчигч карт цэнэглэх хугацаа дуусах болж буй эсэхийг төхөөрөмжийн дэлгэцээс харчихдаг байжээ.
Энэ талаар "Улаанбаатар Смарт карт" ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсээс асуухад "Иргэд Umoney картаа UB card аппликэйшнтэй холбоод үлдэгдэл мөнгөө харах боломжтой.
UB card төхөөрөмж дээр Umoney картаас хасагдаж байгаа мөнгөн дүн болон үлдэгдэл мөнгөний тоог харуулдаг болгох иргэдийн саналыг программын хөгжүүлэлт хийж байгаа компанид уламжилна. Уг үйлдлийг системд орох хугацааг тухайн байгууллага мэднэ" гэв.
Монпэй аппликэйшний нүүр хэсэгт Umoney карт цэнэглэдэг сонголтгүй болсон тухайд "Umoney картыг шинэ систем рүү шилжүүлж байгаа учраас түр хасагдсан байгаа. Энэ долоо хоногт систем хэвийн болохоор Монпэй аппликэйшнээр Umoney картаа цэнэглэх боломжтой болно" хэмээн тайлбарлалаа.
Гэхдээ өнөөдрийн байдлаар ашиглагдахгүй болсон Umoney төхөөрөмжийг автобуснуудаас татаж аваагүйгээс иргэд будилах тохиолдол гарч буйг иргэд хэлж байна.
НТБГ-аас: Автобусаар зорчиж байгаа иргэд
- UB card аппликэйшн
- QR
- Та зориулалтын карт
- 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Бүх банкны карт ашиглаж төлбөрөө төлөх боломжтой.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликэйшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликэйшн ашиглаж цэнэглэлт хийх боломжтой.
Иргэд системийн шинэчлэлтийн талаарх санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
