Энэ онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 3.2 километр урт, шинэ авто зам барина
Баянзүрх дүүрэгт шинээр баригдах хоёр замын талаар Нийслэлийн амын Хөгжлийн Газраас танилцуулав.
Тодруулбал Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина. Тус замыг хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний зам, борооны ус зайлуулах шугам болон гэрэлтүүлэг хийнэ. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Уг замыг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэнэ. Нийт 18 нэгж талбарт газар чөлөөлөлт хийх бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Хоёр километр шинэ авто ам ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөөг Нарны замтай холбосон шинэ холбоос зам бий болно. Мөн Офицеруудын тойрог болон Нохойтой хөшөө орчмын замын ачааллыг бууруулна гэж тооцоолжээ.
Тус дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км хоёр авто зам барина. Эхний байршил нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.
Хоёр дахь байршил нь Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа аж.
Эдгээр авто замыг Замын сангийн хөрөнгөөр барихаар төсөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
