“Прада өмссөн чөтгөр 2” кино нээлтийн өдрүүдийн орлогоороо Умард Америкийн зах зээлд тэргүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

20 жилийн өмнөх киноны үргэлжлэл хэлбэрээр бүтээгдсэн “The Devil Wears Prada 2” нээлтийн өдрүүдийн орлогоороо Умард Америкийн театрын зах зээлд тэргүүлжээ.

Тухайлбал уг кино өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канадын зах зээлээс нийт $77 саяыг олсон тухай Exhibitor Relations компани мэдээлсэн байна.

Кинонд жүжигчин Энн Хэтэуэйн бүтээсэн гол дүр хатуу чанга сэтгүүлийн эрхлэгч Миранда Пристлигийн (Мэрил Стрип) удирдлага дор дахин ажиллахаар ирж байгаа үйл явдлыг харуулдаг.

Тэд зах зээлд оршин тогтноход хэцүү болсон хувцас загварын сэтгүүлээ аврахаар хамтран ажилладаг юм.

Өмнөх кинонд гол дүр бүтээж байсан Стэнли Туччи, Эмили Блант нар мөн өөр өөрийн дүрийг бүтээснээс гадна А ангиллын олон жүжигчид, алдартнууд уг бүтээлд туслах дүрээр оролцжээ.

“Vogue” сэтгүүлийн алдарт эрхлэгч Анна Винтураас сэдэвлэсэн Миранда Пристлигийн дүрийг бүтээсэн Мэрил Стрип анхны киногоороо Алтан Бөмбөрцөг шагнал хүртэж, Оскарын шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшиж байв.

Өмнөх долоо хоногт Умард Америкийн кино театрын зах зээлийг попын хаан Майкл Жэксоны намтраар бүтээсэн “Michael” кино орлогоороо тэргүүлж байсан юм.

Нээлтийн долоо хоногтоо $97 саяыг олж байсан энэ кино өнгөрсөн долоо хоногт $54 саяын орлогоор “The Devil Wears Prada 2” киноны дараа хоёрдугаарт жагсжээ.

Гуравдугаар байранд “The Super Mario Galaxy Movie” кино $12.1 саяар жагссан бөгөөд уг бүтээлийн хуримтлагдсан нийт орлогын хэмжээ $400 саяыг давсан байна.

 

Эх сурвалж: AFP