Мaроккод болж буй олон улсын хээрийн сургуулилалтын үеэр АНУ-ын хоёр цэргийн алба хаагч сураггүй алга болжээ
Африк тивийн Марокко улсад зохион байгуулагдаж буй олон улсын хээрийн сургуулилалтын үеэр хоёр цэргийн алба хаагч нь сураггүй алга болсныг АНУ-ын зэвсэгт хүчний Африкийн Төв Командлалын газар (AFRICOM) Ням гарагт мэдээлжээ.
Тэд алга болох үедээ ямар нэг ажиллагаанд оролцоогүй, чөлөөт цагаараа явган аялж байсныг албаны эх сурвалж мэдээлсэн байна.
“Тэд ямар ч бэлтгэл сургуулилалтад оролцоогүй байсан. Өдрийн сургуулилалт дууссаны дараа зугаалах зорилгоор явган явж байхдаа алга болсон” гэж эх сурвалж хэлжээ.
AFRICOM-ын мэдээлснээр АНУ, Марокко болон “Африкийн Арслан” сургуулилалтад оролцож байгаа бусад улсуудын алба хаагчид сураггүй болсон цэргүүдийг хайж олох эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.
Цэргүүд Бямба гарагийн оройн 9:00 цагийн үед баазаасаа гарч явсныг Мароккогийн армийн удирдлага мэдээлжээ.
Уг бааз нь Марокко улсын баруун хойд хэсэгт, Атлантын далайн эрэгт ойрхон байрладаг бөгөөд өндөр уулс, цөл, хагас цөлжсөн газар нутгаар хүрээлэгдсэн байдаг.
Эрлийн ажиллагаанд нисдэг тэрэг, тэнгисийн хөлөг онгоц, шумбагчид, уулын авиралтын баг оролцож байгаа гэнэ.
Дөрөвдүгээр сард эхэлсэн “Африкийн Арслан” хээрийн сургуулилалт Марокко, Тунис, Гана, Сенегал улсуудын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд тавдугаар сарын эхээр өндөрлөх юм.
Уг ажиллагаанд 30 гаруй улсын нийт 7,000 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
2004 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг болсон “Африкийн Арслан” нь АНУ-ын тус тивд зохион байгуулдаг хамгийн том хээрийн сургуулилалт юм.
2012 оны сургуулилалтын үеэр Мароккогийн өмнөд бүсийн Агадир хотод нисдэг тэрэг осолдоход АНУ-ын хоёр тэнгисийн явган цэрэг амиа алдаж, өөр хоёр цэрэг бэртэж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
