Д.Уламбаяр: Монгол Улсад 1,167 эх баригч ажилладаг. Энэ мэргэжлийн элсэлтийг 10 жил зогсоосны уршгаар залгамж тасалдсан

Б.Бадамгарав, IKon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө. Залуус гэр бүлээ төлөвлөхдөө эдийн байдлыг нэгдүгээрт тавихаас биш бид хоёр эрүүл байна уу, хүүхдээ хэвийн тээх боломжтой юу гэдгээ төдийлөн бодохгүй байна" хэмээн эх баригчаар 38 жил ажилласан туршлагатай, өдгөө Монголын эх баригчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Д.Уламбаяр хэлж байв.

Өнөөдөр зохион байгуулагдсан Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөнд оролцож байх үеэр нь түүнээс эх баригч нарын хүний нөөцийн нөхцөл байдлыг тодруулсны зэрэгуээ жирэмсэн эхчүүдийг анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө авснаа хүргэе.



- Манай улсад хэдэн эх баригч ажиллаж байна вэ. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад олон улстай ямар түвшинд байгаа вэ?

- Нийслэлийн тав, 21 аймгийн амаржих газарт нийтдээ 1,167 эх баригч ажиллаж байна. Эх баригч нарын хүрэлцээ харьцангуй бага. Дэлхий даяар энэ жил Олон улсын эх баригч нарын өдөр буюу тавдугаар сарын 5-ныг "Нэг сая эх баригч хэрэгтэй байна" уриатайгаар тэмдэглэж байгаа.

Эх, нярайн эндэгдлийг бууруулахад эх баригч нар хамгийн хэрэгтэй байдаг. Төрөлт гэдэг бол физиологийн үйл ажиллагаа. Олон улсын судалгаагаар төрөлт эрчимжүүлэх тариа хийх, кесар хагалгааны давтамж зэргийг бууруулахад эх баригчийн үүрэг хамгийн их байгаа нь тогтоогдсон. Мөн эх баригч биеэ даасан тусламж үйл ажиллагаа үзүүлбэл эхийн эндэгдэл 67 хувь, нярайн эндэгдэл 65 хувь буурна гэсэн судалгаа бий.

- Энэ мэргэжлийн залгамж халаа ямар байгаа вэ?

- Эхийн эндэгдлийг бууруулахын тулд эмч төрөлтийг удирдах тухай бодлогын шийдвэр гарсан байдаг. Ингэснээр эх баригч шаардлагагүй гэж үзээд 2000-2010 онд эх баригчийн ангид элсэлт авахаа зогсоосон. 10 жил завсарласны үр уршгаар хүний нөөцийн залгамж халаа тасалдсан.

Жишээлбэл би 1989 онд Анагаахын ухааны сургууль төгсөөд тухайн үеийн нэгдүгээр амаржих газар буюу одоогийнхоор Өргөө амаржих газарт хуваарилагдан ажиллахдаа эх баригчийнхаа ажлыг хийдэг байлаа. Хүнээ төрүүлнэ, хөнгөн урагдал гарвал оёдог, яаралтай үед ихсийг гарддаг байлаа. Эх баригчийн хийх ёстой биеэ даасан тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан. Одоо тэтгэвэрт гарахад залгамж үе яах вэ гэдэг асуудал гарч байгаа юм. 

Эмч нар төрөлтийг удирддаг болсноор эх баригчийг дотуур үзлэг хийлгэхгүй, толгой цухуйсан үед л тосож авдаг, бусад үед эмч шийдвэр гаргадаг болсон. Гэхдээ нийслэлд л ийм байгаа болохоос биш орон нутагт эх баригч нар үндсэн ажлаа хийж байгаа.

Онолын мэдлэг, сургалтыг эх баригч нар маш их авдаг. Харин гардаж хийж байж улам илүү сайжирна, чадваржина.

- Хэвийн төрөлтийн үед хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг вэ?

- Эмч, эх барихын эмч, нярайн эмч, туслах сувилагч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүн эхийг төрүүлдэг.

- Сүүлийн үед жирэмсний хожуу үеийн хордлого, тонус, даралт гэх мэтчилэн олон асуудлаас шалтгаалаад яаралтай кесар хагалгаагаар төрөх эх олон байна. Биеийн ерөнхий эрүүл мэнд сайн байдаг ч энэ мэтчилэн гэнэтийн эрсдэлээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

- Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө. Төрөлтийг хэвийн, физиологийн жамаар нь явуулахын тулд аав ээж их чухал.

Япон улсад гэхэд анхан төрөгчийг 3 кг-аас илүү жинтэй хүүхэд гаргуулахгүй байх зорилт тавьж байна. Мөн жирэмсэн эхийг их идүүлдэггүй.

Харин манайд тонус их, дутуу төрөх нь гээд аль болох хэвтрийн дэглэм сахидаг, хатуурч тонус өглөө гэхээр тогтоох эмчилгээ хийдэг. 38 жил ажилласан туршлагаасаа харахад тогтоох эмчилгээ хийлгэснээр илүү тээх магадлал ихэсдэг.

Хоёрдугаарт гэр бүл төлөвлөлтийн боловсрол залууст дутмаг байна. Залуус эдийн засгийн асуудлаа нэгдүгээрт тавиад байгаа болохоос биш бид хоёр эрүүл байна уу гэдэгтээ төдийлөн анхаарахгүй байгаа нь анзаарагддаг. Мөнгө боломжтой боллоо, одоо хүүхэдтэй болъё гэж бодохоос биш бие эрүүл байна уу, эрүүл тээж чадах уу гэдгээ бодохгүй байна. Тухайлбал жирэмсэн эх 7-8 кг, хамгийн ихдээ 10 кг л нэмэх ёстой байдаг. Гэвч хэвтрийн дэглэм их сахих, орой үдэш өлсөхдөө махан хоол идэхээр жин их нэмж, түүнийг дагаад хүүхэд томордог.

Хүний аарцаг хэмжээтэй. Хэт том хүүхэд тээвэл жамаараа төрөхөд эрсдэл нэмэгддэг

Монголд кесар хагалгааны давтамж нэмэгдэж байгаа нь тээх хугацааны хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг эрүүл мэнд, амьдралын зөв маягийн талаарх ойлголт дутмаг байгаатай холбоотой гэж боддог. 

Иймээс хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, өлслөө гэхэд хөнгөн хооллох, өтгөрүүлсэн шүүс зэргийг хэрэглэхэд болдог.

ФОТО:

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад сүүлийн жилүүдэд эхийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй байгаа юм.

2024 оны байдлаар нийт төрөлтийн 17.8 хувь нь хүндрэлтэй, 28.2 хувь нь кесар мэс заслаар төрсөн байна. "Эх яагаад эндэв" 2000-2023 оны судалгаанаас харахад эндсэн эхийн 40.5 хувь аврах, 95.4 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой байсан ба жирэмсний хяналтын чанар сул байна гэж дүгнэгджээ. 

Хэдийгээр жирэмсэн эхчүүдийн хяналтад хамрагдалт 98.4 хувь байгаа ч хяналтын явцад бичил тэжээлийн дутагдлаас сэргийлж чадахгүй, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл хэрэглэх талаар дөнгөж 28.9 хувь нь зөвлөгөө авсан байна. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг