Дэлхийн нийслэл Хархорумын нэрийг дэмий шуналаар гутаах вий!
Хархорум судлал, шинэ Хархорум бодлогыг үндэслэн хөгжүүлсэн түүхч, архивч эрдэмтэн Д.Хоролдамбын нийтлэлийг толилуулж байна.
Шинэ Хархорум хотыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, шинжлэх ухаан, технологи, оюуны үйлдвэрлэл, түүх соёл, аялал жуулчлалын хөгжлийн нэг бүс, засаг захиргааны зарим чиг үүргийг хэрэгжүүлэх төв болгон байгуулах бодлого явуулах нь чухал болоод байгаа билээ. Нэг үгээр хэлбэл, тэнд хөгжлийн шинэ орчин бий болгоход чиглэсэн тодорхой зарчим, зорилтууд хэрэгжих учиртай. Эхний ээлжид, байгаль экологийн ая таатай, эрүүл орчин бүхий, үндэсний бахархал, онцлог, хот байгуулалтын уламжлалыг илэрхийлэхүйц, шинэчлэлийг хослуулсан ухаалаг, эко хотын ерөнхий төлөвлөгөө хийх учиртай байв. “Байв” хэмээн өнгөрсөн цаг дээр өгүүлэхийн учир бол УИХ-ын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны 07 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум хот байгуулах” асуудлыг шийдвэрлэж, Засгийн Газрын мөн оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г байгуулсан. Гэсэн хэдий боловч тэрхүү захиргаа ажлын үр дүн муутай, удирдлага нь хойрго ажиллаж байгаатай холбоотойгоор хамгийн эхний зайлшгүй ажил хийгдсэнгүй.
Өнөө хүртэл Ерөнхий төлөвлөгөө ч үгүй сууж байгаа “Хархорум хотын захирагч” Халтараас одоо юу харах вэ? Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор шинэ Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах зорилгоор олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны эхний улиралд дэлхий дахинд зарласан. Ийм олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг Монгол Улс анх удаа зохион байгуулснаараа онцлог юм. Үүнд 54 улс орны 428 баг оролцох саналаа илэрхийлэн бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснийг дахин хэлэхэд илүүц болохгүй гэж үзэв. Ингээд хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцсэн юм. Тэдгээр янз бүрийн улс, үндэстний 775 хүний бүрэлдэхүүнтэй архитектур, хот төлөвлөлтийн багуудаас хамгийн олон баг шалгарсан нь Монголчууд өөрсдөө, 6 баг шалгарч гарч ирсэн. Эндээс эх нутгийнх нь хот төлөвлөгч, архитектор, холбогдох мэргэжилтнүүд Хархорум хотын үзэл баримтлалыг боловсруулах үйл ажиллагаанд идэвхттэй оролцсон гэж үзэж болно. Тодорхой баримт дурдахад энэхүү олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад маш сонирхолтой төсөл боловсруулж оролцсон үндэсний шилдэг архитектор, хот төлөвлөлтийн баг байна. Түүнд дан шилдэг геодезын инженер, хот төлөвлөлтийн эдийн засагч, график дизайнер, дулаан цахилгаан, сэргээгдэх хүчний инженерүүд багтсан байдаг. Тухайлбал, Монгол улсын Гавьяат барилгачин, алдарт архитектор Я.Шархүү, зөвлөх инженер, системийн архитектор, хот төлөвлөлтийн эксперт, доктор Ж.Алтансүх, Зөвлөх архитектор Ц.Мэндбаяр, Ч.Цэрэнбат, Ш.Энхбаяр, хот төлөвлөлтийн мэргэшсэн архитектор Э.Отгонтуяа гээд салбар бүрийн 27 мэргэжилтэн энд ажиллажээ. Энэ баг шинэ Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг гурван төвшинд хийж илтгэл, танилцуулгаа хийсэн нь анхаарлыг үнэхээр татаж байлаа. Үүнийг онцлохын учир их юм. Монголчууд өөрсдөө хийх бололцоотой байхад зориуд тэднийгээ дарж, ёстой мачийтал ажиллаж байгаад тендерт шалгармагц нь тэс өөр хөндлөнгийн компанийг шалгаруулчхаж байгаатай холбоотой юм. Эсхүл заавал гадаадын компанитай хамтарч байж л дарга нарын “нүдэнд өртдөг” байдал ард түмнээ залхаалаа. Эх орон нэгтнүүддээ ажиллах боломж өгдөггүй, ажлын байраар хангах талаар маш хойрго байдал нь үндэсний бүтээмжийг бууруулж, хамаг мөнгө валютаа гадагш урсгаж, ард олныхоо ажиллах урам зоригийг мохоож байна.
Хархорум хотыг байгуулахтай холбоотой хэд хэдэн удаагийн тендер зарлагдлаа. Харамсалтай нь бараг бүтэлтэй юм болсонгүй. Тендер зарлагдах бүрд үндэсний цөөхөн кампани нь маш их цаг зав, хөрөнгө хүч, санхүүгийн эрсдэл гаргаад оролцдог. Хөдөлмөр нь талаар болдог. Үүнийг олон баримт харуулж буй. Тодорхой жишээ бол “Хархорум хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө” (Архангай, Өвөрхангай) төсөл, арга хэмжээний үйлчилгээ авах тендер шалгаруулалтын ажиллагаа мөн.
Хуулиараа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар зарласан. Түүнд захиалагч шийдвэр гаргахдаа тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, харьцуулна гэжээ. Мөн “тендер үнэлэх үндсэн шалгуур нь харьцуулах үнэ байна” гэсэн байдаг. Гэсэн атлаа батлагдсан төсөвт өртөг 12152600000 (арван хоёр тэрбум нэг зуун тавин хоёр сая зургаан зуун мянга) төгрөгөөс доогуур үнийн саналтай, ажлаа мэддэг үндэсний компани Артконстракшн бус, хамгийн өндөр үнийн санал өгсөн компанийг шалгаруулжээ. Энэ бол Япон улсад бүртгэлтэй, саяхан үүсэн байгуулагдсан Index Strategy Inc гэх нэртэй компани юм. Гомдлын дагуу холбогдох яам нь тендерийг хянаж үзэхээр болсон нь сайн хэрэг. Үүнийг шударга иргэд анхааралтай харж байна. Ер нь монголчууд өөрсдөө хийж, төлөвлөх боломжийг яагаад харахгүй байна, өөрсдийнхөө гэр орныг заавал харийнхнаар хийлгэх ёстой юм уу. Ер нь монголчуудаа дэмжихгүй, харийнхныг тендерт ялуулаад байгаа нь ямар учиртай юм бэ? Захиалагчид нь өөрсдөө ажлын даалгавруудаа хуудуутай хийж, удаа дараалан гадаадынхныг л тендерт ялуулаад, дээр нь зохиогчийн эрхийн асуудал гаргаад байгаа нь хардлага дагуулж байгаа юм биш үү!
Улаанбаатарчуудын нэрлэдгээр “бетонон ширэнгэ”, “авлига хороолол”, “баячуудын хаалттай хотхон”-ууд дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүсээ даллан дуудахгүй. Учир нь энэ бүхнээс дайжиж, хөдөлмөрийн цагаачид болоод гараад явчихсан улс шүү дээ. Тиймээс шинэ Хархорум нь харьд амьдарч байгаа хөдөлмөрийн насны ажиллах хүчнийхээ итгэлийг нь сэргээж, сэтгэлийг нь татах бүтээн байгуулалтын талбар нь болох учиртай. Барьж, байгуулах зүйлсийн нэг нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын зуны ордныг шинээр байгуулбал тухайн хотын стратегийн зорилтод нийцнэ. Гэтэл сүүлийн үед Хархорумын бодлогыг гажуудуулж, тов тодорхой, түүхт үндэстэй зорилтуудыг бүрхэгдүүлэх вий гэдэг нь санаа зовоох асуудлын нэг боллоо. Зүгээр л нэг том гэр барих, хойгуур нь хагас дугуй барилга барих гэсэн мөрөөдөл зарим хүнд байна. Тэр нь эртний Ромын мэсчин боолуудын колизейн тал ч юм шиг, эсхүл адууны жүчээ галбиртай ямар зориулалт, хэрэгцээ шаардлагатай нь тодорхойгүй, ямар ч пропорц байхгүй нэг том гэр хэлбэрийн болхи дүрслэл болсон. Дарга нар дур зоргоороо тонгочдогийн нэгээхэн жишээ л дээ. Ер нь утга агуулга, хэв хийц, дизайн урлал муухан эскизүүд олон нийтийн эсэргүүцлийн бай болоод л дуусдаг шүү гэдгийг сануулъя. Иймэрхүү зураг гаргаж, түүнийгээ бусдаар дэмжүүлэх гэж хөөрцөглөж буйг бид дэмжихгүй. Түүнийгээ Ерөнхийлөгчийн “Хүндэтгэлийн” ордон хэмээн нэрлэсэн нь ч оновчгүй. Тийм юманд мөнгө хөрөнгө зарж заавал байгуулах нь чухал уу гэдгийг нөхөд эргэж харах ёстой. Иймэрхүү оновчгүй юмаар “Дэлхийн нийслэл Хархорум” гэсэн ойлголт, нэр төрийг унагах вий! Судалгаагүй, санхүүжилтгүй, төлөвлөлт, үр дүнгүй юм болохоос болгоомжлохгүй бол “Андлалын хөшөө”, “Нээлттэй аймаг” гэж улс төрчид хэсэг ярьж байгаад ямар ч үр дүнгүй өнгөрсөн шиг юм болох вий гэж эргэлзэн тооцоо судалгаагаа нягтлууштай. Илүү үр өгөөжтэй төсөл хөрөнгө оруулах шаардлага амьдралд шил шилээ хараад байж байна. Түүнээс гадна сүүлийн үед Улаанбаатарт метро байгуулах, хурдны зам тавих аргаар хотын асуудлуудыг шийдэх юм шиг зарим улс төрчид хөөрцөглөж байгаа нь Хархорумын бодлогыг үгүйсгэсэнтэй адил алдаатай бодлого шүү гэдгийг ташрамд тэмдэглэх хэрэгтэй.
Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо түүхийн өв соёлыг судлах, сурталчлах, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх болон бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж заасан. Монгол улсад 330 гаруй сум бий. Тэдгээрийн 52 % нь 3000 хүрэхгүй хүн амтай гэдэг. Хөдөөгийн хүн ам цөөрлөө. Улаанбаатарын хэт төвлөрөл хэрээс хэтэрлээ гэдэг. Гэсэн атлаа Хонхорын станц, 22-ын товчооноос гарч чадахгүй шахам үйлчлэлтэй, хот өөрийгөө яая гэж байгаа хотдоо улам их ачаалал овоолох нь тийм оновчтой шийдэл мөн үү! Томоохон хотууд өөрөөсөө ямар зайд харгалзах хот сууринг хэрхэн тэтгэж, үйлчлэл, үр өгөөжөө өгдөг нь эдийн засаг, нийгмийн том үзүүлэлт. Жишээлбэл, ОХУ-ын нийслэл Москва хот эргэн тойрныхоо 400 км радиуст оршиж байгаа хот, суурин, бүс нутгаа тэжээн тэтгэдэг гэсэн судалгаа яригддаг. Бээжин, Тяньжин бүр мянга, мянган км-ын хүртээмжтэй. Бангладеш 10 хэдэн тэрбумаар шинэ метротой болсон. Улаанбаатарт тийм мега төсөл зээлээр байгуулна гээд байж болох уу?
Хэт төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд Улаанбаатар зэрэг томоохон хотод өдөр ирэх тусам нэмэгдэж байхад онч муутай юмаар буруу эхлүүлбэл том бодлого унах эрстэлтэйг хаа хаанаа бодолцъё л доо. Энэ нөхцөлд хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн суурь үйлчилгээг хангах Хархорум тэргүүтэй суурьшлын шинэ бүсийг зөв төлөвлөж байгуулах ёстой болоод байна.
Монголд хэрэгтэй илүү сайн төслүүд хэрэгжүүлэх сэтгэлгээний болоод түүх уламжлал, хамтын ажиллагааны боломж байгаа шүү дээ. Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа ард түмэн шүү дээ, бид чинь. Хархорум төвт их гүрнийг бодлогыг тууштай баримталсан эзэн Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх таван хааны "Их хаадын цогцолбор"-ыг орон зайн зохистой шийдэл гаргах нь маш утга учиртай санаа мөн. Түүнийг “тэрбум мод” хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн, их хаад, түүхэн зүтгэлтнүүдтэй холбоотой дурсгалын байгууламж, ой мод, нуур цөөрмүүд бүхий эко орчин, цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайн хамт иж бүрнээр байгуулбал тун сайн болно. Стратегийн зорилт бол Хархорумыг шинэ нийслэл болгон хөгжүүлэх чиглэл мөн. Мэдээж Хархорум хотын алдарт “Түмэн амгалант ордон”-ыг дотроо жинхэнэ Мөнгөн модтойгоор, уламжлал, шинэчлэлийн огтлолцол дээр хослуулан шинээр сэргээн байгуулах ёстой. “Хархорумын Их Сургуулийг байгуулах нь хойшлуулшгүй зорилтын нэг мөн. Түүнд түүх, археологи, угсаатны зүй, музей судлал, үндэсний технологи, нүүдлийн соёл иргэншлийн бүтээлч илэрхийлэл, соёлын дурсгалын сэргээн засварлалт зэрэг олон чиглэлээр мэргэжилтэн, хүний нөөц бэлтгэх, хүүхэд залууст нарийн мэргэжил олгох оюуны уурхайг байгуулах ёстой. За тэгээд, түүхэн болон баримтат кино бүтээж байх павилонууд үйлдэж болно. Тэр нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг загварчлан сэргээх, хотын түүх, соёлын өвийг илэрхийлэх, жуулчдын үзмэр болох давхар зориулалттай баймаар. Гадаадад ер нь тийм жишээнүүд байдаг шүү дээ. Аль болохоор залуу гэр бүлүүд тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ухаанаа уралдуулж, ултай суурьтай юм хийе л дээ.
Зам харилцаа, дэд бүтэц, барилга архитектурын ончтой шийдэл бүхий иргэдэд ээлтэй хот байх гэх мэт зарчмуудыг баримтлууштай. Хархорум нь соёл урлаг, шинжлэх ухаан, инновац, худалдаа үйлдвэрлэл, санхүү бизнесийн хөгжлийн орчин, олон улсын аялал жуулчлалын голлох бүс болгох чиглэлээр Дундад Азийн Казакстан тэргүүтэй улсууд, ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ, Франц, Энэтхэг, Солонгос, Араб, Турк гэх зэрэг бусад улс орнуудтай хамтран олон улс, дэлхийн түвшинд харилцаа хамтын ажиллагааг өрнүүлэх түүх уламжлалын нандин боломж, өв соёлтой голомт хот юм. Олон улсын хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, тэдгээрийн менежментийг үр ашигтай зохион байгуулна гэдэг том бодлого.
Эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг бид судлан шинжилж байна. Өв соёлыг нь хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх ажлыг дээр дурдсан эрдэмтэн идэвхийлэн хийж байгааг буруутгаагүй гэдгийг энэ ташрамд хэлье. Хамгийн гол нь Эзэн хаанаараа овоглосон Их Монгол Улсын гал голомт Хархорумын бодлогыг л бүү будлиул гэж байгаа. Мэддэг юмаа л хүн хийх хэрэгтэй. Хүн болгонд өөр өөрийн хийх ёстой, хийх ёсгүй ажил, хувь заяа гэж бий. Тийм жамыг сөрөх гээд байх шаардлага байна уу, үгүй юу манай мэргэжил нэгт зарим нөхөд ч бодох хэрэгтэй. Тиймээс өвөг дээдсийн байгуулсан төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, нүүдлийн болон суурин соёл, уламжлалыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, түүх, соёл, аялал жуулчлалын жишиг, эко хот байдлаар Хархорум хотоо сэргээн байгуулах нь түүхэн ач холбогдолтой үйл хэрэг хэмээн үзэж байна.
Хэрэв дээр дурдсан будлиануудыг таслан зогсоож, зөв замд нь оруулахгүй бол Хархорумын сайхан санаачилга явахаа байлаа шүү, дарга нар минь! Өвөг дээдсийн алдарт хотын түүхэн өв, шинэ бүтээн босголтын бодлогыг хэрэгжүүлж чадна гэх итгэлийг ард түмэндээ өгч чадахгүй бол энэ ажил явахгүй шүү дээ.
Үндэсний сэхээтэн, мэргэжлийн архитектор, хот төлөвлөгч, эрдэмтэн мэргэжилтнүүдээ дэмжих талаар анхаарч болдоггүй юм уу? энэ улс орон чинь эзэнтэй биз дээ! гэсэн асуудал тавигдаж байна. Энэ бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт нарын “төрийн гурван өндөрлөг” анхааралдаа авч, шударга ёсыг сахиулах, хууль хэрэгжүүлэх арга хэмжээ авна гэдэгт итгэж байнам.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
