Финландын гоо бүсгүйн Ази хүмүүсийг доромжилсон агуулгатай үйлдлийг тойрсон дуулиан үргэлжилж байна.
Энэ онд тус улсын гоо бүсгүйгээр шалгарсан Сара Жафче өнгөрсөн сард сошиал хуудсандаа нүдээ хуруугаараа татан жартайлгаж буйг харуулсан гэрэл зургаа “Хятад хүнтэй хамт хоолонд орох гэж байна” гэсэн тайлбартай нийтэлсэн нь асуудал үүсгэсэн юм.
Ийм үйлдэл нь зүүн Ази гаралтай хүмүүсийг доромжилсон утгатайд тооцогддог.
Жафче өнгөсөн долоо хоногт титмээ хураалгаж, олон нийтээс уучлал гуйсан юм.
Гэвч дуулиан ингээд өндөрлөсөнгүй.
Саяхан тус улсын үндсэрхэг үзэл баримтлалтай Финнчүүд намын парламентын гишүүд мисс бүсгүйн үйлдлийг өмөөрч, ижил үйлдэл харуулсан гэрэл зургийг сошиал хуудсандаа нийтэлцгээжээ.
Үүнтэй холбогдуулан Финландын ерөнхий сайд Петтери Орпо өчигдөр тэдний өмнөөс Азийн зарим улсуудын ард иргэдээс уучлал гуйсан байна.
“Сүүлийн үед парламентын зарим гишүүд доромж утгатай зүйл сошиал хуудсандаа нийтэлсэн явдалд би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Эдгээр нь Финландын эрх тэгш байдал, оролцооны үнэт зүйлсийг тусгаагүй болно. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл Финландын нийгэмд байх ёсгүй юм” гэж тэр Япон, Хятад, Өмнөд Солонгост суугаа элчин сайд нарынхаа сошиал сувгаар дамжуулан мэдэгджээ.
Энэ үйл явдлын улмаас Финландын олон нийтийн Yle телевиз Японд хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдээ түр зогсоосон байна.
Финландын үндэсний агаарын тээвэрлэгч Finnair бас энэ дуулиан нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг мэдээлжээ.
Мисс бүсгүйг дэмжсэн гурван гишүүн нь Кайса Гаредев, Жухо Ээрола, Себастян Тынкинен нар юм.
Ээрола хийсэн үйлдэлдээ уучлал гуйсан бол Тынкинен хэн нэгнийг гомдоох зүйл хийснээ үгүйсгэжээ. Гаредев орон нутгийн хэвлэлд ярихдаа өөрийгөө уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Финнчүүд намын парламентын бүлэг өнөөдөр буюу Пүрэв гарагт хуралдаж, дээрх гишүүдэд ямар арга хэмжээ авахаа шийдэхээр болжээ.
2023 онд байгуулагдсан Финландын засгийн газар өмнө нь ч бас эвслийн нэг холбоотон Финнчүүд намын гишүүдийн хэд хэдэн үйлдлээс шалтгаалан нэр хүндээ сэвтээж байв.
Тухайлбал энэ оны наймдугаар сард тус намын өөр нэг гишүүн цагаачид Финландыг “гахайн хороо” болгож байгааг хэлсэн нь хэл ам дагуулж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!