Шатахууны цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр шатахуун хомсдолтой үед жижиглэнгээр үүрэг хариуцлага хүлээж буй шатахуун түгээх станцтай 20 гаруй ААН-үүдэд ачаалал үүсдэг. Бусад 150 гаруй ААН уул уурхай руу шатахуунаа шууд өгчихдөг учир нөөцлөх шаардлага байдаггүй. Энэ нь хомсдол үүсэх үндэслэл болоод байна. Иймд олон жил үйл ажиллагаагаа явуулсан ААН-үүдийг агуулах, нөөцлөх сав барихад нь төрөөс дэмжих шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдгийг онцолсон юм.
Тодруулбал "Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай" хуулийг УИХ-аар батлуулаад байгаа бөгөөд уг хуулиар тасалдал, хомсдол гэж ямар үеийг хэлэх, энэ үед Засгийн Газар ямар зохицуулалт хийх шаардлагатайг тодорхой болгосон байна.
Мөн ААН-үүд агуулах сав барихад Засгийн Газраас ямар дэмжлэг үзүүлж болох зохицуулалтыг оруулсан аж. Хэрэв хямд үнээр бүтээгдэхүүн худалдан авах, олон сараас нөөцлөх боломж нь байвал ЗГ-аас дэмжиж бүтээгдэхүүнийг нь барьцаалж зээл олгох зэргээр нөөцлөх боломжийг нь бүрдүүлэх тухай тусгажээ. Хууль тусгай зөвшөөрөлтэй бүх байгууллагад нээлттэй гэдгийг онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!