Уншиж байна ...

"Манай улс 2020 онд 1.9 сая тн шингэн шатахуун хэрэглэж байсан бол энэ тоо 5 жилийн хугацаанд огцом өсөж 2,8 сая тн-д хүрсэн. Энэ жил 3 сая руу дөхөхөөр байна"

М.Батчимэг, ikon.mn
3 цаг 34 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны цаг үеийн асуудлаар АҮЭБ-ийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай  "Шатахууны нийлүүлэлтийн тоо хэмжээ буураагүй. Урьд өмнө нийлүүлж байсан хэмжээгээрээ нийлүүлж байгаа. 

Манай улс 2020 онд 1.9 сая тн шингэн шатахуун хэрэглэж байсан бол энэ тоо таван жилийн хугацаанд огцом өсөж 2,8 тн-д хүрсэн. Энэ жил 3 сая руу дөхөхөөр байна. 

Гол хэрэглээний бүс нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Говийн бүс 41 хувийг эзэлж байна. 

Монгол Улс өдөрт 2,200 орчим тн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Манай улстай хамгийн ойр буюу 800-900км цаана байгаа ОХУ-ын үйлдвэрээс тасралтгүй ачигдаж байна. 

2025 онд шатахууны хэрэглээ өмнөх оныхоос эрс нэмэгдсэн байна. Тухайлбал: 

Сар 2024 2025
8-р сар  150,000  тн 200,000 тн
9-р сар  142,000 тн  165,000 тн
10-р сар  127,000 тн 138,000тн
11-р сар 120,000 тн 129,000 тн 

Автобензин, дизель түлшний хэрэглээ эрс нэмэгдсэний улмаас нийлүүлэлтийн хомсдол үүсээд байна. Аж ахуйн нэгжүүд техникийн хүчин чадал, хүргэлт, хуваарилалт зэрэг зохион байгуулалтыг урьд өмнөхөөс огцом нэмэгдсэн хэрэгцээнд тааруулж хийх шаардлага тулгараад байна. Энэ чиглэлд яамнаас байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байна. 

"Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор бүтээгдэхүүний хэрэглээ цаашид ч нэмэгдэх хандлагатай"

Худалдан борлуулалтын дүнг харахад гол хэрэглэдэг салбар нь уул уурхайн салбар юм. Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор бүтээгдэхүүний хэрэглээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. 

Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнээс үүдэж газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахын тулд дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Тэр хугацаанд нөөцлөх агуулах сав байгуулах шаардлагатай байна.

ААН-үүдтэй яагаад энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийхгүй байгаа талаар ярилцахад энэ чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй 180 ААН байгаа ч жижиглэнгээр зардаг, тогтмол нөөцийн савтай 20 гаруй л ААН байна. 150 орчим ААН-үүд оруулж ирсэн бүтээгдэхүүнээ агуулах шаардлагагүйгээр шууд уурхай руу ачуулдаг.

Харин хомсдолтой үед жижиглэнгээр үүрэг хариуцлага хүлээж буй шатахуун түгээх станцтай ААН-үүдэд ачаалал үүсдэг. Энэ нь хомсдол үүсэх үндэслэл болоод байна. Иймд олон жил үйл ажиллагаагаа явуулсан ААН-үүдийг агуулах, нөөцлөх сав барихад нь төрөөс дэмжих шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Иймд Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Уг хуулиар тасалдал, хомсдол гэж ямар үеийг хэлэх, энэ үед Засгийн Газар ямар зохицуулалт хийх шаардлагатайг тодорхой болгосон. Мөн ААН-үүд агуулах сав барихад Засгийн Газраас ямар дэмжлэг үзүүлж болох зохицуулалтыг оруулсан. Хэрэв хямд үнээр бүтээгдэхүүн худалдан авах, олон сараас нөөцлөх боломж нь байвал ЗГ-аас дэмжиж бүтээгдэхүүнийг нь барьцаалж зээл олгох зэргээр нөөцлөх боломжийг нь бүрдүүлэх тухай тусгасан. Хууль тусгай зөвшөөрөлтэй бүх байгууллагад нээлттэй" гэв.