Уншиж байна ...

Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болов

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Зургийг олон нийтийн цахим сүлжээнээс авав

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.

Тухайн залууст холбогдох хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 18-нд шилжүүлж байв.

Прокурорын байгууллагаас Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарт эрүүгийн хуулийн 20.16-1, 11.6-1, 11.4-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд шүүх яллах дүгнэлттэй танилцаж, хэргийг прокурорт буцаахгүйгээр үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хурал товлогдсоноор уг хэрэг шийдэгдэх юм.

шүүхийн шийдвэрийн тойм:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхэд хандаж яллагдагч нарын өмгөөлөгч нараас “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгүүлэх хүсэлт гаргасан.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ