УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Энэ хэрэг анхандаа олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, хүний биед бүлэглэн халдсан тухай асуудал яригдаж байв. Гэвч удалгүй дээрх залуус мансуурсан үедээ бүлэглэн хүний биед хохирол учруулсан болохыг прокурорын байгууллагаас нотолсон юм.
Тодруулбал Нийслэлийн прокурорын газраас сэжигтнээр баривчлуулах хүсэлтийг долоодугаар сарын 21-нд шүүхэд хүргүүлэхдээ дээрх этгээдүүдийг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд "хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан" гэж байв.
Харин долоодугаар сарын 23-нд цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэхдээ Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байлаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь "Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
Гэтэл тус этгээдүүд одоог хүртэл согтуурсан, мансуурсан үедээ гэх үйлдэлд ямар нэгэн Эрүүгийн зүйл анги нэмүүлээгүй байна. Энэ хэрэг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шалгагдаж эхэлсэн бөгөөд одоогоор шүүхэд шилжээгүй байгаа юм.
Уг гэмт хэрэг гарснаас хойш 70 гаруй хоногийн хугацаанд мансуурсан гэх үйлдэлд зүйл анги нэмсэн эсэх талаар Нийслэлийн прокурорын газраас асуухад тодорхой хариу өгсөнгүй. Угтаа бол Эрүүгийн хуулийн "20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" гэсэн зүйл анги нэмэгдэх ёстой аж.
Түүнчлэн "Таванбогд" группийн ерөнхийлөгч Б.Баатарсайханы хүү "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан Монголд ирж, уг хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй байгаа юм. Түүнийг Монголд ирэнгүүт нь цагдан хорих шүүхийн шийдвэр одоог хүртэл хэвээрээ байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!