Олны танил хүмүүсийн хүүхдүүд бусдын биед халдсан хэрэг өнгөрсөн сарын 19-нд гарсан. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нар “Канте” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс долдугаар сарын 23-ны өдөр Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.
Энэ сарын 8-ны өдөр өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Ц.Санжаачойпэлийг суллах шийдвэрийг шүүх гаргаад байсан юм. Дээрх шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан прокурорын хүсэлтийн дагуу наймдугаар сарын 15-нд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан.
Улмаар Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх хугацаа нь энэ сарын 28-нд дуусах юм.
Тэгвэл өнөөдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх түүнд авсан цагдан хорих хугацааг сунгах эсэхийг хэлэлцсэн байна. Шүүхээс Ч.Санжаачойпэлд авсан арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
Ингэснээр Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 28-нд дуусах бөгөөд түүнээс цааш гадуур шалгагдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!