УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Тухайн залууст холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага тухайн хэргийг хянаж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй байгаа аж.
Прокурорын байгууллага яллах дүгнэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсний дараа уг хэргийг шийдвэрлэх үе шат эхэлнэ. Одоогоор дээрх залуусыг ямар зүйл ангиар яллагдагчаар татах нь тодорхойгүй байна.
Гэхдээ долоодугаар сарын 23-нд прокурорын байгууллагаас цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэхдээ Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг согтуурсан, мансуурсан үедээ хэмээн үндэслэл дээрээ бичиж байлаа.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хохирогч гэх Д.Саяннямбууг хүний биед санаатай хөнгөн хохирол учруулсан буюу харилцан зодоон гэх шалтгаанаар яллагдагчаар татаж байв. Харин "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодоон болсны дараа хилээр гарч явсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард түүнийг Таиландаас баривчилж, эх оронд нь авч ирсэн.
Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарын хувьд хэрэг гарсан долоо хоногоос хойш удаа дараа цагдан хоригдож, есдүгээр сарын сүүлээр таслан сэргийлэх арга хэмжээ нь дуусгавар болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!