Ирэх онд Туулын хурдны замыг барих ажилд нийслэлийн төсвөөс 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар батлаад буй.
Тус хурдны замыг барих бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс өнөөдөр мэдээлэл өгөв.
"Туулын хурдны замыг барих ажилчдын кэмп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд ТЭЦ 3-ын үнсэн талбайд байрлах төв кэмпийг ирэх оны хоёрдугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулна.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах кэмп 4-ийн хувьд бэлтгэл ажлыг хангаж байгаа бол Баянзүрх дүүрэгт байгуулах кэмпийг ирэх оны сүүлээр хэрэгцээ шаардлагад тулгуурлан барина.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлснээр төслийн хүрээнд дам нуруу цутгах талбай бэлтгэнэ. Нийт 84 ширхэг дам нуруу цутгахаас одоогоор 10 дам нурууг цутгах талбай бэлэн болсон байна. Цутгасан дам нурууг хадгалах зориулалттай талбайг бэлтгэж байгаа бөгөөд 110 орчим суурийг цутгаж бэлтгэхээр төлөвлөөд байна. Бэлтгэсэн дам нурууг төв кэмпээс зүүн зүгт баригдах 9.8 км урт гүүрэн байгууламжид ашиглах юм. Төслийн зураг төсөл боловсруулалт дуусаж, одоогоор хөрвүүлгийн болон баталгаажуулалтын шатанд явж байна. Нарийвчилсан ажлын зураг 90 хувьтай, түр зам байгуулах ажил 50 хувьтай байна.
Газар шорооны ажлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлэх зорилгоор өвлийн улиралд зураг төсөл болон бэлтгэл ажлыг хангаж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 1.63 хувь, ажлын зургийн гүйцэтгэл 90 хувь, бэлтгэл ажлын гүйцэтгэл 61.6 хувьтай байна. Төв кэмп баригдаж эхэлсэн. Дам нурууны хэв хашмал цутгах эхний талбай бэлэн болсон" гэв.
Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 10 нэгж талбарыг чөлөөлж, үлдсэн талбаруудын хөрөнгийн үнэлгээг 2026 оны I улиралд багтаан хийлгэх, холбогдох иргэдтэй уулзалт, зөвшилцлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!