Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд
Мөн төслийн талбайн дөрвөн байршилд түр зам барих ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сард түр замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн 1,000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгасан.
Тус хурдны зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ. Нийт найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүрэн байгууламж, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулсан. 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар замын трасс зургийг хэлэлцэж баталсан.
Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “ХаоЮань групп” ХХК нь 20 жилийн өмнө Хонконгт байгуулагдсан бөгөөд инженер, худалдаа, логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт амжилттай бүтээн байгуулалт хийдэг туршлагатай компани юм. Мөн Европ, Ази, Африк, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонконг зэрэг улсад дэд бүтцийн болон хурдны замын төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.
Туулын хурдны зам нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм.
Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!