Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2029 оноос эхлэн телевизээр дамжуулахаа зогсоож, YouTube платформд шилжүүлэхээр болсныг Америкийн Кино Урлагийн Академи өчигдөр зарлажээ.
Олон жилийн турш энэ үүргийг гүйцэтгэж ирсэн ABC телевизийн суваг хамгийн сүүлд 2028 оны буюу 100 дахь Оскарын ёслолыг дамжуулах юм байна.
Үүний дараа YouTube платформ 2029 оноос эхлэн 2033 он хүртэл дэлхий даяар дамжуулах онцгой эрхийг авчээ.
Уг онцгой эрхэд улаан хивсний ёслол болон тусгай шагнал олгох, нэр дэвшигчдийг зарлах зэрэг бүх арга хэмжээг дамжуулах эрх багтсан юм байна.
“Бид Оскарын шагнал гардуулах ёслол болон жилийн турш үргэлжилдэг Академийн хөтөлбөрүүдийн ирээдүйн эх үүсвэрээр YouTube платформыг сонгож, олон талт хамтын ажиллагаа эхлүүлэх болсондоо баяртай байна” гэж академийн гүйцэтгэх захирал Билл Крамер, ерөнхийлөгч Линетт Хауэл Тэйлор нар мэдэгджээ.
Тэд цааш нь “Академи бол олон улсын байгууллага тул энэ түншлэл бидэнд дэлхий даяар хамгийн олон үзэгчдэд хүрэх боломжийг олгох болно. Энэ нь манай академийн гишүүд болон киноны салбарынханд ашигтай байх болно” гэж мэдэгдсэн байна.
Ингэснээр хамгийн том шагнал гардуулах дөрвөн арга хэмжээнд тооцогддог Оскар, Грэмми, Эмми, Тонис бүгдээрээ уламжлалт телевизийг бүрмөсөн орхиж байгаа юм.
Google компанийн бүрэлдэхүүнд багтдаг YouTube нь хоёр тэрбум хэрэглэгчтэй гэсэн мэдээлэл бий.
Оскарын ёслолыг YouTube дээр үнэ төлбөргүй дамжуулахаас гадна YouTube TV төлбөртэй сувгийн хэрэглэгчид олон хэлээр үзэх боломжтой байх гэнэ.
Уг хамтын ажиллагааны мөнгө санхүүгийн асуудал ил болоогүй байна.
ABC сувгийн хувьд өнгөрсөн түүхийн ихэнх хугацаанд Оскарын ёслолыг дамжуулж байжээ. Уг арга хэмжээг хамгийн анх 1953 оноос NBC суваг дамжуулж эхэлсэн юм. Дараа нь 1961 оноос ABC эрхийг нь шилжүүлэн авчээ.
Дундуур нь 1971-1975 оны хооронд NBC дахин дамжуулсан ч буцаад ABC эрхийг авсан нь одоо хүртэл үргэлжилж байгаа юм.
2025 оны Оскарын ёслолыг ABC сувгаар 19.7 сая хүн үзсэн нь өмнөх жилээсээ бага зэрэг өссөн үзүүлэлт байв.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!