Уншиж байна ...

Оюутолгойн сонсголын үеэр сэтгүүлчийн нүүр рүү нулимсан иргэн Ц.Оюунжаргалыг 100,000 төгрөгөөр торгожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
3 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт (2025.12.10) Төрийн ордонд зохион байгуулагдсан Оюутолгойн сонсголын үеэр иргэн Ц.Оюунжаргал нь нэгэн сэтгүүлчийн нүүр рүү нулимж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Уг асуудалтай холбогдуулан шүүх иргэн Ц.Оюунжаргалд 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Шүүхийн шийдвэрийн тойм:

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлсэн зөрчилд холбогдогч Ц.О-д холбогдох 2509003337 дугаартай хэргийг 2025 оны 12 сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж”, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэж заасан.

Зөрчлийн хэргийн материалаас үзвэл 2025 оны 12 сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Төрийн ордон дотор сэтгүүлчийн нүүр лүү нулимж, биед нь халдсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь livie-Төдэй нэртэй фэйсбүүкт хайлт хийж үзлэг хийсэн тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнэж Ц.О-д Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа