Уншиж байна ...

Нийтийн тээврийн автобусанд суусан согтуу иргэд үйлчилгээг саатуулсан зургаан тохиолдол гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
7 цаг 22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгдсээр байна.

Тухайлбал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан зургаан тохиолдол бүртгэгдлээ.

Иргэн та архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг анхааруулж байна" гэж НТБГ-аас мэдээллээ.

Согтуу иргэнийг шууд буулгаж орхиж болдоггүй. Учир нь өөрийгөө хянах боломжгүй иргэн осгож хөлдөх, эд эрхтэн нь гэмтэх аюултай учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгнө.

Цагдаагийн байгууллага түргэн тусламж дуудан иргэнийг эрүүл мэндийг үзлэгт хамруулан эрүүлжүүлэх боломжтой эсэхийг тогтооно.

Хуульд заасан энэ процесс дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болдог бөгөөд авто замын хөдөлгөөний ачааллаас хамаарч 2-3 цаг автобус саатаж иргэд хохирдог байна.