Уншиж байна ...

Хүүхдүүдийн эсэргүүцлийн улмаас Оросын эрх баригчид Roblox платформын хоригоо цуцалж магадгүй болжээ

Т.Давааням, ikon.mn
7 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын харилцаа холбооны зохицуулах байгууллага Роскомнадзор энэ сарын эхээр онлайн тоглоомын Roblox платформыг хаахдаа экстремист агуулгатай контент түгээсэн хэмээн буруутгаж байв.

Гэвч энэ хориг хүүхэд залуусын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. АНУ-ын компанийн эзэмшдэг Roblox платформ Оросын зах зээлд 18 сая хэрэглэгчтэй гэсэн тоо бий.

Тэгвэл Роскомнадзор өчигдөр хэрвээ тус платформ Оросын хууль дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлбэл хоригоо цуцлах боломжтойг мэдэгджээ.

Roblox-той энэ асуудлаар ярилцаж эхэлснээ мэдэгдэхдээ Роскомнадзор “Тус платформын хамтран ажиллах, Орос дахь үйл ажиллагаагаа засварлан өөрчлөх хүсэл эрмэлзлийг бид сайшааж байна. Хэрвээ энэ нь хоосон үг биш, онлайн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулах жинхэнэ амлалт мөн бол Роскомнадзор манай хууль тогтоомжийг дагадаг бусад үйлчилгээнүүдийн нэгэн адил хамтран ажиллах болно” гэсэн байна.

Roblox бас Оросын талтай холбоо барьснаа баталж, үйлчилгээгээ сэргээхийн тулд зарим өөрчлөлт нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Калифорнид төвтэй Roblox Corporation нь өөрийн платформоор дамжиж буй контентын агуулгыг хүнээр болон хиймэл оюунаар хянуулдгаа тайлбарласан байна.

Roblox платформ дэлхий даяар 100 орчим сая хэрэглэгчтэй бөгөөд үүний 40 орчим хувийг 13 хүртэл насны хүүхдүүд бүрдүүлдгийг 2024 оны тоо баримт харуулжээ.

2023 онд Оросын зах зээлийн хамгийн их татагдсан тоглоомын аппликэйшн Roblox болж байв.

Өнгөрсөн долоо хоногт Кремлийн хэвлэлийн алба Roblox-ийн хоригтой холбоотой асар их гомдол Оросын өнцөг булан бүрээс ирж буйг мэдээлсэн юм.

Кремлийн цензурыг идэвхтэй дэмжигч улс төрчдийн нэг Екатерина Мизулина өөрт нь олон арван мянган захидал ирсэн, зарим хүүхдүүд хоригоо цуцлахгүй бол Оросоос явахаар сүрдүүлсэн тухай ярьж байв.

 

Эх сурвалж: The Moscow Times