Оюу толгойн Гүний уурхайн төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Б.Оюунбаатар, Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтсийн мэргэжилтэн Н.Энхмаа нар Чили Улсын Эль Теньенте уурхайд хоёр сарын хугацаанд ажиллаж, дэлхийн хамгийн том гүний уурхайн үйл ажиллагаатай танилцан, инженер, үйлдвэрлэл, засварын багуудтай хамтран ажиллаж туршлага солилцлоо.
Хөтөлбөрт оролцогчид онцлохдоо:
“Эль Теньенте, Оюу толгой хоёр хоорондоо зөрүүтэй зүйл их ч олборлолтын технологи адилхан. Хоёр уурхайн цар хүрээ ерөнхийдөө ойролцоо. Оюу толгойн үйлдвэрлэл нэмэгдсээр “Эль Теньэнте” уурхайн түвшинд хүрч очих юм байна гэж харсан. Оюу толгой сүүлийн үеийн технологиудаар тоноглогдсон уурхай. Харин Эль Теньенте 120 жилийн түүхтэй, маш олон зүйлийг туршаад үзчихсэн, туршлага ихтэй, баялаг газар байсан. Тийм учраас Оюу толгойгоос очсон бид мэдлэг туршлагаа зузаатгаад ирсэн. Монголдоо хэрэгжүүлэх боломжийг судалж байна”
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтсийн мэргэжилтэн Н.Энхмаа:
“Эль Теньентегийн хайлуулах үйлдвэрт зочилж, зэсийг хэрхэн боловсруулдгийг харах маш сонирхолтой байсан. Мөн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, засвар үйлчилгээний төлөвлөлт, зогсолтын удирдлагын системийг нарийвчлан судалсан. Зарим ялгааг харьцуулж, Оюу толгойд хэрхэн нутагшуулах боломжтойг судалж байна”.
Гүний уурхайн төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Б.Оюунбаатар:
“Эль Теньенте уурхайг өмнө нь олон удаа сонсож байсан ч очоод харахад бодсоноос хавьгүй илүү нарийн төвөгтэй, олон сорилттой уурхай гэдгийг ойлгосон. Нэгдсэн үйл ажиллагааны төв нь гүний уурхайгаас эхлээд баяжуулах үйлдвэр хүртэл бүх процессыг нэг дор удирддаг асар том систем байсан.”
“Эль Теньенте” уурхайн тухай
“Оюу толгой” компани хүний нөөц, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалт хийдгийн нэг жишээ нь Рио Тинто болон Чилийн төрийн өмчит уул уурхайн компани “Коделко”-той хамтран хэрэгжүүлдэг “Мэргэжилтэн солилцох хөтөлбөр”-т ажилтнуудаа хамруулдаг явдал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!