Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь нь буюу ойролцоогоор 1.7 сая гаруй иргэн нийслэл хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг дангаар үйлдвэрлэдэг.
Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх зорилтыг нийслэлээс дэвшүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хот анх 1999 онд Дэлхийн өвлийн хотуудын холбоонд гишүүнээр элсэж, Канад Улсын Принц Жорж хоттой харилцаа тогтоож эхэлжээ. Үүнээс хойш Канад Улсын хотуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон удаа хамтран ажиллаж, туршлага судлаад байна.
Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Хойд Америк дахь стратегийн түнш, манай улсын томоохон хөрөнгө оруулагч орон юм. Иймд хоёр улсын харилцааны хүрээнд хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хотын дарга илэрхийллээ.
Тодруулбал Улаанбаатар, Канадын хотуудын хамтын ажиллагааны хувьд зам, дэд бүтцийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, эко хот болгож хөгжүүлэх чиглэлээр туршлага судлах, төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай буйгаа тодотгов.
Цаашид Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллах, харилцан туршлага судлах өргөн боломжтойг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Дауст онцоллоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!