УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Монголбанкны бүтэц орон тооны асуудал яригдлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монголбанкны бүтэц асуудалтай байна. Нэр дэвшигчийн сонсголын үеэр томилгоо явагдаж байна. Өнөө маргаашгүй ажлаа өгөх гэж байгаа хүн тэнд томилгоо хийгээд сууж байна гэдэг ёс зүйгүй асуудал. Та өнөөдрийн Монголбанкны бүтцийг юу гэж хардаг вэ.
Орон тооны дээд хязгаарыг баталж өгдөггүйгээс болоод хүссэн орон тоогоо нэмээд явдаг. Тайлбар даараа терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлд Монголбанк үүрэг хүлээсэн гэж ярьдаг. Гэтэл энэ чиглэлд Санхүүгийн зохицуулах хороо хамгийн их үүрэг хүлээсэн. Монголбанкны бүтэц ямар үндэслэлээр 700 хүрсэн бэ гэдэгт дүгнэлт хийгээрэй.
Аудитын сэдэв дээр Монголбанкны хүний нөөцийн асуудал дээр аудит хийлгэх гэсэн чинь хараат бус байдалтай холбоотойгоор болохгүй байгаа гэсэн. Хараат бус байдлын ард ганц дураараа дургиж байгаа газар бол Монголбанк болсон. Орон тоо, төсвөө батлуулдаггүй, аудит хийлгүүлдэггүй.
Төсвөө ядаж УИХ-д танилцуулдаг баймаар байна. Хяналтын зөвлөлийн гишүүд мэдээлэлд бүрэн хүрдэггүй юм байна.
Гадаадын банкийг оруулж ирэх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ.
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт: Бүтцийн хувьд томилогдож очоогүй болохоор нарийн мэдээлэлгүй байна. Өчигдөр 60 гаруй хүн томилогдсон гэж байна. Хэрэв 700 гаруй орон тоотой байгаа бол 5-6 яамны бүтэц гэсэн үг.
Монголбанканд Монголын шилдэг банкны мэргэжилтэн ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Дээр үед бид хамтарч ажилладаг байлаа. Одоо ямар түвшинд очсон бэ гэдэгт нухацтай хандана.
Би мөрийн хөтөлбөр дээрээ тусгасан, Монголбанк бол УИХ-ын харьяа төрийн төв институц. Төрийн ч юм шиг, хувийн ч юм шиг байдал руу орж болохгүй. Мөнгөний өмнөх бодлогын алдааг засаад их хэмжээний алдагдалд орж байгааг ойлгож байна.
Би гадаадын банкийг орж ирэхийг дэмждэг үзэл бодолтой. Ашгийн төлөө гуравдагч орны хувийн банкийг бид урьж оруулж ирэх ёстой. Ингэж байж гадаадын хямд эх үүсвэр, шинэ технологиуд дагалдаж орж ирнэ. Стратегийн юм уу төрийн өмчит банкны хувьд улсын эдийн засаг, аюулгүй байдлын талаас нэлээд бодолцож үзэх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирж байгаа томилгоо учраас дэмжээд явна. Монголбанк бол цэвэр мэргэжлийн байгууллага, мэргэжилдээ эзэн болсон өсөж дэвшээд явж буй сайхан залуучууд байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэж, Монголбанк дээр саар нь маш их байгаа.
Төрийн банкны захирал шиг ажил албан тушаал гарахаар нэр нь яригдаж байдаг нялх Сэнгүм Монголбанкаар дүүрэн байна. Ажил хийдэггүй, албан тушаал ярьдаг, болдог бол УИХ-ын гишүүн болчих гэдэг.
Нөгөөтэйгүүр Монголбанкны дэд ерөнхийлөгч нь хуулиар олгогдоогүй ажлаа хийдэг. Ерөнхий сайд Г.Занданшатарын туслах байсан нөхөр салбарын ямар ч мэдлэггүй атлаа тэнд очоод суучихсан. Одоо ажилладаг Хадгаламжийн даатгалын корпорацынхаа тушаалыг хэвлэлд балбаад өг гээд сууж байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!