Уншиж байна ...

Б.Энхбаяр: 180 хоногт 1,000 журам цуцална

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар 180 хоногт 1,000 журмыг цуцалж, хүчингүй болгох ажил зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулан ажиллах үүрэг даалгаврыг танхимынхаа сайд нарт өгчээ.

Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хурал(УИХ)-д байна гэж заасан бөгөөд үүнийг хэнтэй ч хуваалцахгүй гэдэг үндсэн зарчим байдаг атал хуулиас давсан журам их байгааг сайд Б.Энхбаяр шүүмжилж байна. 

Тэрбээр Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ "УИХ-аас баталсан хуульд заасан үндэслэлээр л хүний үндсэн эрхүүдийг хязгаарлах Үндсэн хуультай. 

Монгол Улсад 437 хууль бий. Үүн дотор журам батлах тухай 2,403 заалт байна. Энэ хүрээнд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам(ХЗДХЯ)-нд бүртгэлтэй 2,357 журам байгаа. Мөн бүртгэлгүй 850 журам байгаагийн 350 орчим нь Засгийн газрын баталсан журам. ХЗДХЯ-нд Засгийн газраас баталсан журмыг хянах, бүртгэх эрх хэмжээ байдаггүй. Иймд бүртгэлгүй байгаа нь хуульзүйн шалтгаантай. 

Журмуудын тоог сүүлийн жилүүдэд хэрхэн нэмэгдсэнийг авч үзэхэд 4-5 жилийн дотор 3-4 дахин нэмэгдсэн.

Эдгээр журмаар зохицуулж буй асуудлуудыг агуулгаар нь авч үзэхэд

  • 895 журмаар хэм хэмжээг тогтоож байна
  • 744 журмаар татвар/төлбөр, хураамж/ тогтоосон
  • 501 журам нь эрчим хүчний хуульд орсон өөрчлөлтийн дагуу үнэ тариф тогтоосон зэрэг байна.
Асуудлыг хуулиар гэхээс илүү хуулиас давсан Засгийн газар, сайд, агентлагийн дарга гэсэн гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнуудын шийдвэрүүдээр манай улс нийгмийн харилцаагаа зохицуулж байна.

Аюул болж байна. Дур зорго орж ирсэн. Олон нийтэд нээлттэй мэдээлэх нь хаагдаж байна. УИХ-аар батлагдаж буй хууль нь ард түмний төлөөлөгчдийн байгууллагын шүүлтүүрээр орж, Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлага тавиулаад, хэлэлцүүлэгт орж, олонх ба сөрөг хүчин нь мэтгэлцэж, завсарлага авбал завсарлага аваад, зодолдвол зодолдоод, тэр хэрээр иргэдэд мэдээлэл өгч, шүүлтүүрээр ордог.

Харин энэ журмууд тэгэхгүй байгаа. Нэг албан тушаалтны гарын үсгээр тэнд хэм хэмжээг тогтоож байна. Нийгмийн даатгалын багц хуулийг дагаад 70 гаруй журам гарсан. Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалтай холбоотой харилцааг хууль эрхзүйн хувьд цогцоор нь уншихад хуулиас нь гадна 75 журам нийлүүлж харж байж ойлгохоор байна. Боловсролын салбарын харилцааг ойлгохын тулд Боловсролын багц хуулиас гадна 50 гаруй журам харж байж ойлгохоор байна.

Манай улс журмын улс болсон байна. Үүний цаана хүнд суртал, авлига бий болж байна. Авлигатай тэмцэх, хүнд суртлыг үгүй хийхийн тулд журамтай тэмцэхээс эхэлнэ" гэлээ.