Уншиж байна ...

Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, С.Замира, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын 24 гишүүн “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын 19, 20, 21, 22, 23 дахь илтгэлүүд Монгол Улсад нийгмийн ажил, үйлчилгээ нь олон улсын жишгээр мэргэжлийн түвшинд хүртээмжтэй бус байгаагаас нэр тэргүүнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм, эдийн засгийн эрх зөрчигдөж, улмаар хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах зэрэг дагалдах эрсдэл үүсгэж байгааг дурджээ.

Түүнчлэн Монгол Улсад нийгмийн ажлыг хүн амын, нийгмийн онцлог хэрэгцээнд тулгуурлан,бие даасан онол-арга зүйтэй шинжлэх ухаан, практик чиг баримжаатай ажил, мэргэжил болохынх нь хувьд улам хөгжүүлж, бусад салбарын нэгэн адил системтэй мэдлэг, хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэн, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйл, зарчимтай байх шалгууруудыг нь хүлээн зөвшөөрч нийгмийн хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн одоогийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийгмийн ажлын чиг үйлчилгээний зохицуулалт, чиглэл, хамрах хүрээ, үйл ажиллагааг харилцан адилгүй тодорхойлж, зөвхөн тухайн салбарын онцлогийг харгалзан тусгасан нь хэт явцуу бөгөөд салбар дундын хамтын уялдаагүй, мэргэжлийн үйл ажиллагааг эрс ялгаатай байдлаар тодорхойлсон гэж дүгнэж байгаа аж.  Иймд нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн салбарынхаа үйлчилгээ, үйл ажиллагааг хүн амынхаа бодит хэрэгцээнд тулгуурлан хүргэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангуулах, халамж хамгаалал шаардлагатай бүлэгт хүрч очих, хүний  суурь хэрэгцээг хангах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 7 бүлэг 49 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа болон иргэний хэрэгцээ шаардлагад суурилж, нийгмийн ажлын мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэх зохицуулалт бий болгохыг зорьжээ. Тухайлбал, өөрийгөө төлөөлөх чадваргүй, эсхүл насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхэм чанар, нэр төр, алдар хүндийг эрхэмлэсэн нийгмийн үйлчилгээг бий болгохын тулд хувь хүний мэдээллийг хариуцлагатайгаар хадгалж, зөвхөн шаардлагатай буюу аюулаас сэргийлэх болон судалгаа, үнэлгээний хүрээнд мэргэжлийн зорилгоор ашиглах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн өөрийн амьдралынхаа шийдвэр гаргах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө удирдах чадварыг дэмжихийн тулд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан бүх иргэдийг бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэхэд сургаж, ахиц дэвшлийг үнэлдэг хэм хэмжээг бий болгоно гэж үзэж байна. 

Хуулийн төсөл батлагдсаны батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжгүй иргэдийн  (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ганц бие эцэг эхчүүд гэх мэт) чадавх нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт сайжирна. Мөн нийгмийн хамгааллын тогтолцоонд чадваржуулах нийгмийн ажлын үйлчилгээг нэвтрүүлснээр ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүрч буй дэмжлэг туслалцаа үг өгөөжтэй болж санхүүгийн дарамтаас гарсан иргэд хэрэглээгээ нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.