Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мажарт зоосон мөнгө цутган тухлав

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

-Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь № 10-

IV Бела ван хэдхэн шадар цэргийн хамт эргэж ч харалгүй Bar голын эх өөд, Таатрын өндөр уулын бэрх бартаанд найдан, тийш давхилджээ.

Хамаг тамга, тэмдэг, туг сүлдээ ч авах самбаа төрсөнгүй. Тэр уулсын цаана түүний садан төрлийн Болеслав вантны эзэмшил Бага Польш байлаа. Толгой мэнд шургуулах халхавч тэр. Монголын нэг анги түүний мөрийг алдалгүй мөшгив. Гэвч түүнийг таатай зүйл хүлээж байсангүй, Таатрын уулсын ар талд Польшийг бүхэлд нь будаа болгосон монголчуудын ялалтын туг сүлд аль хэдийнэ дэрвэж байжээ.

Анч ноход мэт Монголын баг цэрэг алдалгүй мөшгих тул вантан зүгээ буруулан барууншилж, улсынхаа баруун хилийн Братиславын зүг довтолгов.

Братиславт хүрэхэд Австрийн ван түүнийг улсдаа ирэхийг найр тавин угтсанд хил даван Австрийн Вена хотод очив. Гэвч Австрийн ван, шуналаас өөр юмгүй, арчаагүй Фридрих Бабенберг түүний ядарч явааг нь ашиглан дарамталж, өмнө ирчихсэн байсан Белагийн гэр бүлийг нь барьцаалж байгаад Мажарын баруун гурван мужийг Австрид нийлүүлсэн бичигт гарын үсэг зуруулж авав.

Цөөвөр чоно мэт аашилсан Австриас арай гэж мултарсан IV Бела Хорват руу эргэж, 250 орчим км холдож, Сава голын эрэгт байх Слованийн Загреб хотод ирж тогтов.

Пешт хотод гамшигт ялагдлын мэдээг Шайо орчмоос амь зулбан зугтагсад авчирчээ. IV Бела вангийн дүү, Хорватын сэнгүм захирагч эрэлхэг баатар Коломан хүнд шархтай Пештад ирэв. Их цэрэг нь сүйрсэн мэдээг аваад ойр орчмынхон бүгдээр Дунай мөрний эрэг дэх энэ хотод бөөгнөрөн цугларч байжээ.

Монголчуудтай нэг бус хатуу ширүүн зууралдан тулалдаж, ялагдашгүй хүч чадлыг нь голдоо ортлоо мэдэрсэн Коломан ван Пештад цугласан бүхэнд хандан дайран ирэгчдийг эсэргүүцэн тэмцээд хэрэггүй, түүний оронд ой шугуй, аглаг тосгон, алс холын оронд очиж амь зуух нь илүү хэмээн ятгасан боловч хотын өндөр хэрэм, хороолсон олондоо найдаад Коломан вангийн үгийг авсангүй.

Пешт хотод гамшигт ялагдлын мэдээг Шайо орчмоос амь зулбан зугтагсад авчирчээ.

Вантан тэндээс даруй мордож, 240 гаруй км барууншилж, Драва голыг гатлаад Хорватын гүнд очиж тогтов. Гэвч баатар вантан Монгол илдэчээс авсан шархыг удаан даасангүй, тэндээ тэнгэр болсон гэдэг.

Энэ зуур Бат хаан Шайо голд цэргээ дахин засаад, яаралгүй хөдөлж Пештад дөрөвдүгээр сарын 29-ны үед тулж ирэв. Коломан вангийн зөвлөгөөг аваагүй хотынхон ихэд яаравчлан хэрмээ бэхлэх, тойруулан шуудуу ухах, шивээ хориглолт босгох зэрэг хамгаалалтын их бүтээн байгуулалт хийсэн боловч хараахан дуусгаж амжаагүй байжээ. Монголчуудын барааг хармагц л хот даяар үймээн сандраан, айдас хүйдэст автсан байна.

Өнөөх Фома ламтны дүрсэлснээр монголын дайчин баатар эрс “өлссөндөө галзууран уурссан өлөн хомхой чонос хоттой хонийг отож, тойрон шогших мэт өшиж хорссон харцаар хотыг бүхэлд нь ажиглан шинжилж“ байжээ. (Фома ламтны тэмдэглэлийг төрөлх мажар хэлээр бичсэн хуучин судраас нь МУИС-ын багш, түүхч, доктор Б.Чинзоригийн хөврүүлснээс иш татав)

Хотын хэрмийн дэргэд болсон нэгэн хөгийн явдлын талаар Ж.Уэтерфорд ийн бичжээ. “Монголчуудыг цэрэг арми, тайж нар нь тулалдааны талбарт дийлээгүй учир санваартнууд шашны хүчээр номхотгохоор оролдов.

Монголчуудын дунд христосын шашинтан олон явааг мэдсэн ч үхэгсдийн цогцосноос тэдний хэрхэн жигшин цээрлэхийг мэдээгүй христийн санваартнууд бурхдынхаа яс, бие цогцосны үлдэгдлийг Пешт хотын гадна дайсны цэргийн өөдөөс гаргалаа.

Үхэгсдийн шарилтай тааралдахад муу ёр гэж жигшдэг монголчууд уурсан хилэгнэж, санваартнуудыг алж хөнөөгөөд өөрсдийгөө бузраас ариутгахын тулд тэдгээр цогцос болон сүмүүдийг галдан шатааж орхив”.

Заяа нь эргэсэн хотынхон гурван өдөр эрэлхэгээр хамгаалсан боловч эцэстээ монголчуудын замд тээглэсэн зуу зуун хот балгадын хувь заяаг давтав. Хамгаалагчид үй түмэн сум, жад, чулуу мод монголчууд руу нисгэх боловч үр дүн хомс, харин монголчуудын харвасан сум бүхэн байгаа өршөөлгүй онож, хуяг бамбай, агсамж бүхнийг нь нэвт, зад цохиж байжээ. Хот эзлэгдэж, эсэргүүцсэн бүхнийг дарав. Дунай мөрний их ус улааран туяарчээ.

Энэ үед өмнөд замын зэрэг ирж нийлэв. Хадаан жанжны удирдсан энэ зам цэрэг Трансильванийг бүхэлд нь, Валахын умард хэсгийг дайран цохиж, Варад, Зило, Таснад, Клуж, Салка, Сибиу, Саасваарош, Перг, Сегед, Арад зэрэг олон хотуудыг буулган авчээ. Ингээд Дунай мөрнөөс баруунтайх мажарын бүхий л газар нутаг монголчуудын хяналтад оров.

Зураг