Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тэд хэн байв?

Өглөөний сонин
2015 оны 4 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

-Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь №1-

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франк, Бургунд, Саксони, Баваричууд байгалийн аргалшгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алджээ. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв.

Нормандын засагчид айснаас үүдэн загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, гутралаар дүүрэн захидал нэг нэг рүүгээ шидэлцэж, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм хачин өдрүүд үргэлжилж байв.

Трансильвани, Далмацид бүү хэл Баварийн чанадад, бүр алс Саксонид хүртэл худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч байж. Валахи орчимд бол бүтэн жилийн туршид ард түмнээрээ ой шугуйд толгой хоргодон, эрхэм дээдэстэн, вантан баронтон, гүнтэнгүүд нь хүртэл мөчир дээр тогтсон ус шимж, модны мөөг, хэрэм, жирхээр гол зогоож явжээ.

Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй.

Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Скиф, Авар болоод Гот, Мажарын олон овог аймгууд Европын хилээр цусан зам татуулан ордог ч төдөлгүй өөрсдөө нэг бол боолын талхинд хүзүүгээ тавьж өгдөг байж, эсвэл өөрсдөө тэр ард түмний нэг нь болж дуусдаг байж... Куман, Печенегүүд Европт халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Монголчууд Хятадын Хөх мөрнөөс Карпатын нуруу хүртэлх өргөн уудам одож, энэ өргөн уудмын хязгаар бүрд хүчтэй сул янз бүрийн эсэргүүцэлтэй тулгаран дайтаж байв. 

Османы Огуз Түрэгүүд 1389 оны зургадугаар сард эртний эллиний соёл, загалмайн шашны нэгэн түшиг голомт Византыг унагаж, Косовагийн талд Хорват, Серби, Мажарын хамтарсан 80 мянган цэргийг бут цохиж, Лазар ванг олзолж байхад, Вена хотын босгонд лалуудын саран тамгатай туг нь намирч үзэгдэхэд ч Европчууд ер цочсонгүй, Австрийн баронууд Шопронд хөлтэй найр цэнгээн зохиож, Бургундад эзэн хаан зэрлэг гахайтай хөөцөлдөн явжээ.

Эртний Ромын яруу алдрыг дурсаж, дуудан бахархан явдаг тэр Европыг, загалмайтны нэгдсэн Европыг, Бага Ази, Сири, Иордан, Мисирийн эргийг хүнд жадныхаа үзүүрээр чичлэн доргиож явсан идэрхэг хүчирхэг рыцарь баатруудын нутгийг, дайн ч готуудын хойчис францууд, кельтүүдийн үр удам Германууд бяралхаг сляванчуудын салаа салбар польш, литое чехүүд, өнөөх хүннү нарын цус судсаар нь гүйх мажар, домогт викингүүдийн эр зоригийг өвлөсөн скандинавынхан цоглог золбоолог норманд англо саксуудын удам англичууд..., зэрэг омог ихт олон үндэстнийг ингэтэл нь айлгасан ТЭД ХЭН БАЙВ? Ямар гээчийн бурхны, эсвэл чөтгөрийн хүчийг эрхшээсэн ард түмэн билээ?

Хуучин домогт өгүүлэхээ тэнгэр бурхадтай тэрсэлдээ ялагдаж, алс элсэн цөлий чинадад, эсвэл тамын орон Тартарт цөлөгдсөн аварга биет титанууд тамаасаа гарч дахин тэнгэр бурхантай дайтаж даагаа нэхэхээр, ертөнцийг харанхуйгаар хулдаж, цусаа урсгахаар ирж яваа нь тэр үү?

Тэд бол Монголчууд, гэхдээ ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист боссон дэлхийн дайн ганцаар ямагт ялан урагшилж байсан Монголын армийн зөвхөн нэг жигүүр, нэг замын цэрэг нь байлаа. Тэр үед Монголчууд Хятадын Хөх мөрнөөс Карпатын нуруу хүртэлх өргөн уудам одож, энэ өргөн уудмын хязгаар бүрд хүчтэй сул янз бүрийн эсэргүүцэлтэй тулгаран дайтаж байв.

60 сая хүнтэй, цэрэг зэвсэг, эдийн засгийн асар их нөөц бүхий Хятадын Сүн Улстай өмнө зүгт, нойтон хамуу шиг бууж өгч л байдаг, араас жад бариад босч л байдаг Солонгосуудтай зүүн зүгт Сүлжүкийн Рүм, армянтай Бага Азид, аббасидууд, ассасинууд болон Багдадын Халифийн  чин сүжигт дайчидтай Иран толгодын зах хязгаарт, Орос булгар, кумануудтай Дешткипчакийн их талын умардад, мөн эрэлхэг уулынхан гүржүүдтэй Кавказын ар, өвөр бэлд дайтаж, Хорезм шахын их армийн үлдэгдэлтэй Хиндү  Кишийн өндөрлөгт хөөцөлдөж явав.

 Нийтлэлч Б.Номинчимэд

Зураг