Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ ТӨХК-ийн олон улсын нислэгээр толилуулдаг болно
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл(МҮКУЗ)-тэй албаны уулзалт хийлээ.
Тус уулзалтаар МҮКУЗ-ийн дарга Ч.Ундрал 2025-2026 оны үйл ажиллагааны тайлан, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа салбарын сайдад танилцуулав.
Энэ үеэр Сайд Ж.Алдаржавхлан жил бүр "Кино урлагийг дэмжих сан"-гийн сонгон шалгаруулалтыг тодорхой сэдэвчилсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулах, кино урлагийн салбарыг аялал жуулчлалтай нягт уялдуулан хөгжүүлэх бодлого баримтлахыг үүрэг болгосон юм.
Энэхүү бодлогын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тогтлоо.
- "Монгол кино" цогцолбор: Салбарын сайдын өгсөн "аялал жуулчлалтай нягт уялдуулах" чиглэлийг хэрэгжүүлэх хамгийн том бүтээн байгуулалт нь 20 га газарт төлөвлөж буй цогцолбор юм. Тус цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн зураг авалтын талбай, павильонтой байхаас гадна нүүдэлчин ахуй, соёлыг сурталчлах аялал жуулчлалын төв байна.
- Дэлгэцийн аялал жуулчлалыг дэмжих: Аялал жуулчлалыг дэмжих бодит алхмын хүрээнд шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ ТӨХК-ийн олон улсын нислэгээр толилуулах, сурталчилгааны сэтгүүлийг онгоц болон олон улсын галт тэргэнд байршуулах төлөвлөгөө боловсруулна.
Түүнчлэн кино урлагийн эдийн засгийн үр өгөөжийн тухайд өнгөрсөн хугацаанд гадаадын уран бүтээлчдэд 98 зураг авалтын зөвшөөрөл олгосноор Монгол Улсын нутаг дэвсгэрт 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан талаар Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамнаас өгсөн мэдээлэлд онцолжээ. Мөн Японы "Vivant" кинонд 2.7 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт хийсэн нь гадаадын төслүүдийг татах сайн жишиг болсон гэв.
Цаашид Кино урлагийн зөвлөл нь "Монгол кино өдөрлөг"-ийг олон улсад тэлэх, дотоодын төслүүдэд "Кино кодекс" нэвтрүүлэх, Олон улсын кино наадмын шагналд үндэсний бүтээлээ нэр дэвшүүлэн илгээх зэрэг бодлогын хувьд чухал зорилтуудыг тавин ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
