ЖҮДО: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн АЛТ, Т.Ариунзаяа МӨНГӨН медаль хүртлээ
БНХАУ-ын Ордос хотод болж байгаа тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай дөрвөн жүдоч өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд О.Уранбаяр, 81 кг-ын жинд О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар хүч сорьсон юм.
Эрчүүд эхний даваандаа хийлсэн ч хоёрдугаар тойрогт ялагдсан бол эмэгтэйчүүд хоёул шигшээд шалгарсан билээ.
Тэд мөн шигшээд Умард Солонгосын тамирчидтай тунасан юм. Тивийн аваргын иж бүрэн медальтай Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөөд Энэтхэгийн Линто Чанамбамыг буулган авснаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар хагас шигшээд Өмнөд Солонгосын Жи Сү Кимийг, шигшээд Умард Солонгосын Жи Хе Кимийг буулган авснаар хошой аварга боллоо.
Ирэх арванхоёрдугаар сард 28 нас хүрэх Л.Энхрийлэн тивийн тэмцээнээс өмнө нь 2024 онд алт, 2025 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.
Тэгвэл өдгөө 18 настай Т.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хоёр жил дараалан мөнгөн медаль зүүв. Өнгөрсөн жил Тайландын Бангкок хотод болсон тивийн тэмцээнд Японы Мегүми Фүчидад дийлдсэнээр мөнгөн медаль хүртэж байсан тэр энэ удаад Өмнөд Солонгосын Юна Шин, Киргизийн Жанар Жолдошева нарыг ялаад хагас шигшээд БНХАУ-ын Нан Ваныг буулган авсан юм.
Ингээд алтын төлөө Умард Солонгосын Хён А Кимд дийлджээ.
Ийнхүү Ордост болж байгаа жүдогийн тивийн тэмцээний эхний хоёр өдрийн дараагаар Монгол Улсын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
