Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Лигницийн дэргэд домог бүтээв

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг
Copyright © http://colinfalconer.org/

-Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь № 8-

"Лигницийн дэргэд домог бүтээв" эхлэл хэсгийг ЭНД дарж уншина уу.

Тэднийг монголчууд гэзэг даран элдэж хядлаа. Энэ үймээн ид оргилдоо үед II Хенри вангийн захирсан Доод Силез, Их Польшийн шилдэг цэргийн анги, Понсе д Обоны захирсан Герман, Франц, Литовын тайж гаралтай шилдэг рыцариудын анги залган ирж тулаанд орсон боловч нэгэнт үймээн сандраан, гүн шоконд орчихсон бусад цэргүүдээ засаж, эргүүлж чадсангүйгээр барахгүй өөрсдөө ч тэр үймээн дотор нь хутгалдаад удирдлага, санаачилгаа бүрмөсөн алдсан байна. 

Ингээд тулаан биш ярга, хядлага болж хувирчээ. Рыцарь баатрууд хэдийгээр нэр төрөө өндөрт өргөн тулалдацгаасан боловч ямар ч удирдлага, зохион байгуулалт, төлөвлөгөөгүй, зүгээр л зөнгөөрөө тулалдаж байжээ.

Европчуудаас долоохон хуягт баатар л амьд үлдэж.., II Хенрид туслахаар ирсэн францын 500 морьтон баатар эрсэд Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй.

Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Литовууд, Германы тевтонууд, Польшуудын бахархал болсон баатар эрстэй хамт ван II Хенри, ван Мичислав, жанжин Сулислав, Болеслав, эрхэм тайж д Обоне нарын олон дээдсүүд бүгдээр хөлөг баатрын ёсоор тулааны талбарт ясаа тавьжээ. 

II Хенри ван тулааны талбараас дөрвөн хамгаалагчийн хамт зугтан гарахыг оролдож, давхиж явтал морь нь шархдан шургачин унажээ. Тэр морио солих хооронд монгол цэрэг гүйцэж ирээд элгийг нь нэвт жадалж... Зарим бичлэгт хонь мэт өрлөж алсан гэж бичсэн нь бий.

Богино хугацаанд болсон тулаан нэртэй хядлага өндөрлөж, амь зулбан гарч чадсан ганц нэгэн давхин ирэх хүртэл Лигницчүүд ялагдалд бүрэн итгэсэнгүй. Ялагдлын мэдээ дэндүү аймшигтай байв.

Монголчууд Хенри вангийн толгойг урт морин жадны үзүүрт өлгөчихөөд Лигниц хотын шивээ хэрмийн гадуур гурвантаа тойрон давхилдаж, муухай орилолдсон нь айдас дээр нь нэрмээс болжээ. 

1632 онд археологичид Хенрих вангийн бунхныг онгойлгож үзэхэд үнэхээр толгой, зүүн хөл нь зургаан хуруутай араг яс гарч ирсэн 

Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. 

Гэтэл Хенри вангийн толгойгүй цогцос олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй нүцгэн цогцсыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан байна.

Ван хүн тухайн үед өмссөн хувцас, агссан зэвсэг сэлтээрээ илэрхий ялгарах атал ийнхүү будилж хайсан нь Хенри вангийн хувцас, зэвсгийг монголчууд мулталж авсан, эсвэл ван өөрөө зугтахдаа амиа аврахын тулд зүсээ буруулж жир цэргийн хувцас, өмсгөл өмссөн байх магадлалтай. 

Хожим 1632 онд археологичид Хенрих вангийн бунхныг онгойлгож үзэхэд үнэхээр толгой, зүүн хөл нь зургаан хуруутай араг яс гарч ирсэн байна. Мөн ванг эрсэдсэн газарт вангийн эх чин сүжигт Хюдвиг ахайтанд зориулсан сүм босгожээ.

Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэн авч, Хархоринд (зарим сурвалжид Батхаанд) илгээсэн гэдэг. Энэ тулаан хожим дэлхийн дайн тулааны түүхэнд домог болон үлджээ. Цэрэг дайны түүхчид, дайны хэнээтнүүд энэ тулааныг сонирхон шохоорхохгүй өнгөрнө гэж үгүй. 

Харьцангуй давуу хүчтэй дайснаа эх нутаг дээр нь ийм хялбархан, ийм хохирол багатай ялсан тохиол түүхнээ болсон хэдэн арван мянган тулаан дотор нэн ховор учраас тэр...

Хэрцгий, өршөөлгүй ялагдлын мэдээ салхинд туугдсан мэт хоромхон зуур Европын хотуудаар тархав. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс сонсох учир бас байжээ.


-Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь № 9-

Шайо гол цусаар үерлэв

Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ.

Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх.

Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх.

Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.

Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлан бичжээ. Голын гүүрийг шилдэг 1,000 цэргээр хамгаалуулсан байна.

Мажарын их хүч (багадаа 65,000, ихдээ 100,000. Хэролд Лэмб 100,000 гэсэн бол Жувейни 400,000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ.

Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.

Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван Франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна.

Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун Франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан  арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.

Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ.

Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ.

Б.Номинчимэд

Зураг