Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Европын зүрх рүү онилов

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг
Copyright © http://colinfalconer.org/

-Бат, Сүбэдэй нар Европ дахиныг түйвээсэн нь № 4-

Монгол цэргийн довтолгоонд хамгийн түрүүнд өртсөн булгар, мордав, хазар зэрэг Ижил хавийн ард түмэн алс дорноос ирж буй аюул, айдсыг тээн оросын ванлигуудын нутгуудаар дүрвэн нэвт гарч баруунд одов. Тэдний араас тарж бутарсан кумануудын үлдэгдлүүд цувлаа.

Куманы хаан Котян амьд үлдсэн 40 мянган албатынхаа хамт Карпатыг давж, Мажарт очиж, IV Бела хаанаас орогнол хүсэн, хариуд нь шашин шүтлэгээ сольж, католик болохоор болов. Шашин шүтлэг солино гэдэг нь тухайн үед төдийгүй өнөө ч амьдрах орон зайгаа асар их үнээр арилжиж буй хэрэг, аргаа баран мухардсаны илрэл билээ.

Төд удалгүй тэдний араас айж сандарсан оросууд, Черниговын ван Михаил, Галицийн ван Даниил Романович тэргүүтэй газар нутгаа алдсан оросын вангууд амь хоохойлох газар хайн мөн цувжээ.

Кумануудыг цохиулсан тухай эхний сураг сонсонгуут Ромын пaп IX Григорий чухам юу болж буйг тандуулахаар унгар лам Юлианыг зүүн зүгт илгээв. Ламтан Ижилийн Булгар хүртэл явж “Монголчууд Ромыг байлдан дагуулахаар айсуй” гэсэн тун ч түгшүүрт мэдээ тээсээр буцаж ирэв.

Матью Парис хэмээх англи санваартан дүрвэгсдээс сонссон мэдээлэлдээ тулгуурлан монголчуудын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл бичиж үлдээсний дотор “...Адгуусны төрөлт тэднийг хүн гэхээс амьтад гэвэл зохино. Цус ууж улангасан, хүний хүүрийг нохой мэт урж тасчин иддэг” гэсэн мөрүүд байжээ. 

Эндээс харахад дүрвэгсэд чухам юу ярьж, ямар цуу тарааж явсан нь тодорхой. Ийнхүү хүний махан хүнстэй, хүрэл чулуун зүрхтэй, айх цуцахыг мэддэггүй, арслан барс шиг догшин, аймшигт хүчтэй монголчууд наран шингэх хязгаар хүртэл дайлахаар ирж буй тухай хачир нь хэтэрсэн элдвийн цуу Европоор нэг тархжээ.

 Хүннүгийн цусыг өвлөж үлдсэн мажарууд байх тун магад юм. 

Бат хаан, Сүбээдэй, баатар нар Европыг довтлох төлөвлөгөөг хэлэлцэв.

Юуны түрүүнд кумануудын үлдэгдлийг ивээлдээ авсан, оросын вангууд очиж толгой хоргодсон, эсэргүүцлийн гол төв болоод буй Европдоо л шилдэг армитай Мажарыг дайлан дагуулах нь гол зорилт байжээ. Кумануудыг мөшил мөшгиж, дуусгахгүйгээр монголчууд буцах эрх байхгүй.

18-19 жилийн өмнө Сүбээдэй баатар Зэв ноёны хамт баруунш уулгалан, кумануудын нутгаар хөндлөн гулд довтолж, Оросын вангуудын нуруун дээр зассан модон тавцанд тухлан наргисан цуутай аянаас буцаж ирэхдээ алс тэнгис хавийн оронд монголчуудтай уг гарал нэгтэй шар зүстэй үндэстнийг авран чөлөөлөхийг Чингис хаанд санал болгон дурдаж байсан гэдэг.

Тэд бол Хүннүгийн цусыг өвлөж үлдсэн мажарууд байх тун магад юм. Бат хаан өшт дайсныг нь ивээлдээ авч, өөрсдөд нь дайн зарласан мажаруудыг монголчуудаас гаралтайгаа умартан, элэнц хуланцынхаа эсрэг жадны үзүүр харуулж, ёсон бус аашиллаа хэмээн зэмлэж байсан нь Сүбээдэй баатрын дээрх дурдамжийг батлах мэт. Нөгөө талаар хэрвээ ус намаг, ой мод ихтэй Европыг дайлах бол бэлчээр сайтай түшиц газар нэн чухал.

Европыг дайлахад 18 жил шаардлагатай гэж монголчууд тооцож байжээ. Энэ урт удаан хугацаанд адуу малаа бэлчээрлэх ус бэлчээр тэгширсэн нутаг бол аргагүй Карпатын баруун бэл дэх Мажар, Трансильванийн тал нутаг байлаа.

Вандал, Гот, Хүннү зэрэг Дорноос довтолгох үе үеийн нүүдэлчид чухам энэ үржил шимт нутгийн зүг тэмүүлдэг байж. Мажарууд ч мөн IX зууны үед зүүнээс нүүдэллэн энд ирж тогтжээ. Мөн энэ газар нь Европыг довтлоход стратегийн тун ашигтай байршил учир Европын зүрх хэмээдэг.

Мажарыг дайлахын тулд дараах стратегийн зорилтуудыг хангах ёстой байв.


Үүнд,

  • Умардад Польш, Силезийг довтолж, мажар луу хийж буй довтолгооныг умраас буюу Чех, Германы Ариан Ромын эзэнт гүрэн, Тевтонуудын зүгээс тасалдуулах аюулыг сэргийлэн хаших, улмаар умар талаас нь мажарыг ороон бүслэх,
     
  • Валах, Трансильванийг өмнөдөд цохиж, тэр зүгээс ирэх аюулыг таслан, мажарыг өмнө талаас нь Сербийн зүгээс ороон бүслэх,
     
  • Энэ хоёр стратеги дэмжлэг дор гол хүчин Карпатыг давж, мажар луу халз довтлох зэрэг байлаа.
     
  • Бат, Сүбээдэй хоёр цэрэг армиа гурван зам болгон хувааж,
     
  • Йольшид довтлох баруун умардын зам цэргийг Байдараар захируулж, Хайдуг хүчин хавсаргав.
     
  • Валах, Трансильванийн өмнөдөд давшлах өмнөд замын цэргийг Хадаанаар захируулав.
     
  • Бат хаан, Сүбээдэй баатар нар гол хүчээ аван Карпатаар даван Мажар луу орохоор болов.

Б.Номинчимэд

Зураг