Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Их хаан ертөнцийн дөрвөн зүгт чичлэв / Үргэлжлэл /

Өглөөний сонин
2015 оны 4 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

-Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь №2-

Тэд хэн байв? эхлэл хэсгийг ЭНД дарж уншина уу. 

Монгол овог аймгуудын хооронд яс хаян хядалцуулж, үе үе уулгалан цөлмөж явсан, Амбагай хааныг нь модон илжгэнд хадаж алсан эртний цусан өшийн тангарагтай Зүрчидийн Алтан улстай бүтэн хорин жилийн турш хатуу ширүүнээр зууралдан дайтсаны эцэст 1234 онд Цайжой бэхлэлтийн баруунш луут шар туг сүлднийх нь сэрэг зэвээр газарт хатган нэгмөсөн дарав. 

Гэвч Монголын Их Хөх төрийн эзэд тайвшрах болоогүй байлаа. Алтан улсыг мөхөөхөд хүчин хавсарсан Өмнөд Сүн улс монголчуудын эзэмшилд орсон Алтан улсын хязгаарыг довтлон эзэлж, өмнөдөд дайны гал дахин шинээр дүрэлзэв. Энэ дайн даруй 40 жил үргэлжилсэн билээ.

Лалын нэгэн хүчирхэг тулгуур Хорезм унасныг хүлээн зөвшөөрөөгүй Лалын ертөнц монголын зүг ямагт хялалзаж, Бага Ази, Перс, Ойрхи Дорнодод шинэ шинэ дайны галыг ноцоож байв. Кавказын өмнөдөд ч загалмайн Армян, Гүржүүд бүрэн номхорсонгүй, Солонгосууд хүртэл Саритай хорчийг буцангуут монголын төлөөний бүх даргач түшмэлийг хороож, дахин босов. 

Бүр 30 гаруй жилийн өмнө мэргидүүдийг өмгөөлөлдөө авч, монголчуудын өмнөөс сэлмээ далайсан Кумануудын хүч алс баруун умардад хэвээр байлаа.

Тэд бол байсан газраа багширч, суусан газраа шавалдаж байдаг суурин иргэд биш, байлдаж тулахдаа монголчуудаас огтхон ч дутахгүй баатар зоригтой овжин шалмаг нүүдэлчид тул тэнгис далайн чинадад байсан ч нэг л өдөр тэдний омголон морьдын тоос Хархориныг булж мэдэх аюул осол ихтэй. Тэднийг мөхөл мөхөөж, мохол мохоохгүй аваас гар сул, хөл амар суух боломжгүй. 

Монголчуудын сэтгэлзүйн ч хэм хэмжээ, Чингисийн “Их Засаг хууль”-иар батлагдсан хуульзүйн ч хэм хэмжээ байсан юм.

Кумануудыг өмгөөлөн, монголын элчийг алсныхаа хариуг 1223 оны Хавар Калька голын хөвөөнд хангалттай авсан ч сэргэж, хүчээ авсан Оросын вангууд гашуун ялагдлынхаа өшийг санан зангидаж суулаа. Мөн 1224 онд итгэлийг эвдэн Монгол цэргийн ар хударгаар довтлон хэдэн мянган эр цэргийг нь алж устгасан Ижилийн Булгар, Асу, Буртасууд хэгжүүн хэвээр, тэдэнд сануулга өгөхгүй аваас дайчин их хар сүлд гундах билээ. 

Эдгээр эгзэг аюул бүхнийг дэнслэн эргэцүүлэхээр Монголын их гүрний хаан Өгэдэй 1235 онд Хархорин хотноо Монголын язгуур ихэс дээдэс, баатар ноёдын Их Хуралдайг зарлан хуралдууллаа. Их хуралдай улс төр, цэрэг дайны асуудлыг дэлхийн энгээр хэлэлцээд, дэлхийн түүхийг өөрчилж, улс үндэстнүүдийн хувь заяаг шийдэх дараах шийдвэрүүдийг гаргажээ.


Үүнд:

  • Зүүнд Солонгосыг номд нь оруулах,
     
  • Өмнөдөд Сүн улстай дайтах,
     
  • Баруунд Кумануудыг мөшгил үгүй болгож, оросын вангууд, Ижилийн булгаруудыг дарах, улмаар баруун хил хязгаарыг бүрэн аюулгүй болгохын тулд Европыг түншиж, шаардлагатай бол байлдан дагуулах,
     
  • Ойрхи дорнодод дайны галыг идэвхжүүлж, Лалын ертөнцөд хатуухан сануулга өгөх, Энэтхэгийн умардад цэрэг илгээн аюул бий эсэхийг турших, эдгээр байлаа. Ийнхүү Монголын Их хаан хүнд болд бялуугаа өргөн ертөнцийн дөрвөн зүгт чичлэв. Монголын баатар их эрс уухайлан хүрхрэв. Ертөнцийн дөрвөн зүгт доргин чичирхийлж, сууж байсан нь босон харайж, унтаж байсан нь цочин сэрж, сэрээгүй нь хар даран хашгирав. Үүлс хуйларч, аянга нижгэнэв. Салхин шуугиж, усан цалгирав. Хад хагарч, хайрга үсчив. 

Алс баруунш дайлах их аяныг Зүчи ханы ууган хүү Бат болон Дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “Урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүбээдэй баатар нарт даалгаж, бүх хан хөвүүдийн ахмадуудад энэхүү аянд өөр өөрийн цэрэг армийг удирдан оролцохыг үүрэг болгожээ.

Түүхэнд “Хан хөвүүдийн аян дайн” (Олонхидоо “Ахмад хөвүүдийн аян дайн гэдэг) гэж нэршжээ. Энэ дайнд Их хаан Өгөөдэйн хөвүүдээс Гүюг (хожим их хаан болсон), Хадаан,ач Хайду, Цагаадай хааны хөвүүдээс Байдар, ач Бүри, Зүчи хааны хөвүүдээс Батхаанаас гадна Бэрх, Орд, Шейбан, Тулуй хааны хөвүүдээс Мөнх, Мөнхтэй эх тусгаар Бужиг зэрэг олон хан хөвүүд оролцжээ.

Тэд юуны өмнө Куманууд, Оросын вангууд, Ижилийн булгаруудаас ял асуух ёстой. Ийнхүү ял асуухын мөн чанарыг түүхч Ж.Бор “Үнэхээр ч хилсээр алагдсан хүмүүсийнхээ өсийг нэхэхгүй орхивол дундад эртний Монголчуудын хувьд уучилж болшгүй гэмт хэрэг болох байлаа. Энэ бол Монголчуудын сэтгэлзүйн ч хэм хэмжээ, Чингисийн “Их Засаг хууль”-иар батлагдсан хуульзүйн ч хэм хэмжээ байсан юм” гэж тодорхойлсон байна.

 Нийтлэлч Б.Номинчимэд

 

Зураг