Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мажар луу.../ Үргэлжлэл /

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг
Copyright © http://colinfalconer.org/

-Бат, Сүбэдэй нар Европ дахиныг түйвээсэн нь № 6-

Эхлэл хэсгийг ЭНД дарж уншина уу. 

3 сарын 10-даар Байдарыг Висла мөрөн гаталж, Польш руу байх үед Бела ван Карпатыг давлаа гэдэг мэдээ авсан байна. Тэгээд нутгийнхаа өнцөг булан бүрд цустай илд бариулсан элч довтолгож, эх орноо хамгаалан босохыг уриалжээ. Ихэс дээдэс бүгд Эстергомд цуглан хуралдацгаав.

Зарим нь айснаасаа монголчуудтай байлдаад хэрэггүй, бууж өгвөл зохино гэх, зарим нь бодит аюулыг огтхон ч мэдрэхгүйгээр манай цэргийн барааг харангуут дайсан зугтах болно хэмээн омогшино.

Мажарын шилмэл баатруудаас хамба Уголин зэрэг дөрөвхөн нь амь зулбан зугтсаар цайздаа ирсэн гэдэг. 

Ийнхүү мажарууд нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүй сууж байтал улаан өндөгний баярын үеэр Бат хааны цэрэг мажарын тул нутаг руу уруйн ус мэт хүрхрэн орж иржээ.

Бела ван үр ашиггүй хуралдааныг яаран тараагаад, бүх цэргийн хүчээ Пештад татан төвлөрүүлэв. Гэнэтхэн монголчууд Пештаас хугас өдөрчийн газарт гараад иржээ. Нэгэн хэсэг монголчууд бүр Пешт хотын хэрмийн дэргэд давхилдан ирээд мажаруудыг халз тулаанд дуудан хашгичив.

Их хамба Уголин тэргүүтэй шилмэл хүлэг баатрууд сайтар хуяглан монголчуудын өдөлгөнд хариу барьж, мажарынхаа цог золбоог бадруулахаар цайзаас гарсанд цаадуул нь харин буцан зугтсан байна. Мөрдөн хөөсөнд намаг усруу дагуулан хуурч оруулаад гэнэт эргэн дайрч хядаж орхижээ.

Мажарын шилмэл баатруудаас хамба Уголин зэрэг дөрөвхөн нь амь зулбан зугтсаар цайздаа ирсэн гэдэг. Монголын жижиг жижиг анги нэгтгэлүүд Пешт орчмын газар бүрээр давхилдан, бужигнуулсаар байв. Пешт руу дөхөж явсан мажарын бас нэгэн анги цэрэг тосгон суурингаас хүнс цуглуулаад буцаж явсан монголчуудтай таарч дайран, ачаа хөсгийг нь булааж авсан ч монголчууд хүчээ нэмэн эргэж дайран бут цохисонд хэдхэн цэрэг амь мэнд Пештийн хэрмийн дэргэд ирж амжжээ.

Мажар, хорватын газар бүрээс цэргүүд цугласаар зургаан түм хүрэхэд Бела ван дагуулан Пештаас гарч ирэхэд монголчууд мөн л буруулан зугтжээ. Хэдэн хоногоор, зарим бичлэгт хоног ухарсан гэдэг. 140 гаруй км хол ухарч, бараг мажарын хилд хүрэв.

Дайснуудаа онцын эсэргүүцэлгүйгээр нутгийнхаа дээснээс давуулан үлдэж буйдаа мажарууд омогшин хөөсөөр байжээ. Тэгээд Дунай мөрний зүүн цутгал Тисса мөрнийг гатлуулаад Тисса, Шайо хоёр голын бэлчир дэх Мохийн талд очжээ. Харин Бат хаан энд IV Белаг занан, илд жадаа хурцлан хүлээж суулаа.

Бат хаан урьдаас сонгож бэлтгэсэн Мохийн тэгш талбарт IV Белаг хууран дагуулсаар авчирч байх яг энэ үед умардад 460 гаруй км-ын алсад Байдар, Хайду нар Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэдхэн Польш, Герман, Франц, Литов болон европын бусад үндэстнүүдийн хамтарсан 30 гаран мянган хүнтэй армийг дайран балбаж байжээ.

Б.Номинчимэд

Зураг