Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шайо гол цусаар үерлэв

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

-Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь № 9-

"Шайо гол цусаар үерлэв" эхлэл хэсгийн ЭНД дарж уншина уу.

Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ.

Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй. 

Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. 

Монголчууд 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ.

Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв.

Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ. Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ. 

Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолжээ. Тэднийг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг. 

Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Тэгээд Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.

Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишигтэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ. 

Их үдийн үед Монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. 

Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт” хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив. 

Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм. 

Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий.

Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ. 

Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...

Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий. 

“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. 

Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. 

Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.” 
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна. 

Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил.

Б.Номинчимэд

Зураг