Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Урт цагааны түрээслэгчдээс 12-ыг нь ажлын байртай болгов

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Урт цагааны түрээслэгчдээс өнөөдөр эхний 12 хүний ажлын байрыг шийдэж байгаа талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат мэдээллээ. 

Нийслэлийн төр захиргааны IV байран дахь нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн байранд 280 орчим ам.метр талбайг гаргасан байна. Энэхүү ажлыг Урт цагааны түрээслэгчдийн үйлдвэрчний холбоотой хамтарч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үе шаттайгаар бүх түрээслэгчийг ажлын байраар хангах талаар өнөөдөр санамж бичиг байгуулжээ. 

Гурван хүн нийслэлийн өмчийг буцаан өгөв

Түүнчлэн Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газартай 30 түрээслэгч гэрээ байгуулж ирсний эхний гурав нь өнөөдөр акт үйлдэж, нийслэлийн өмчийг хүлээлгэн өгчээ. 

Энэ үеэр уг ажилтай танилцаж байсан нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд зарим иргэн "300 түрээслэгчээс 12-ыг нь ажлын байраар хангалаа. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад ус, цахилгаан тасалж бидний хохироож байна" хэмээн гомдол гаргасан юм. Үүнд Ж.Батбаясгалан "Урт цагаан бол мэргэжлийн бүх байгууллагын дүгнэлтээр эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахаа больсон бөгөөд олон жилийн турш яригдаж ирсэн. Хууль бус зүйлтэй бид эвлэрэхгүй. Цаашид шат дараатай арга хэмжээ аваад, ЖДҮ, бизнес эрхлэгчдээ дэмжиж, аль болох асуудлуудаа шийдээд, ажлын байраар хангаад явна" гэлээ. 

Мөн Урт цагаанд 22 жил түрээсээр ажил эрхэлж байсан иргэн "Би 22 жил түрээс төлж ажиллаж ирсэн. Би үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулаад нийслэлийн удирдлагуудтай хамтраад ажиллаж байна. Харин гомдол гаргаад байгаа энэ хүмүүс бол дам түрээсэлж, биднээс мөнгө идэж ирсэн хүмүүс" хэмээн тайлбарлалаа.