Уншиж байна ...
Зураг
Зураг

Балтийн тэнгисийн ёроолд байдаг Финланд-Эстонийн цахилгаан дамжуулах шугам тасарсныг мөрдөн шалгах ажил эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 38 минут
iKon.MN
Зураг зураг

Финланд, Эстони улсуудыг холбодог Балтийн тэнгисийн усан доогуур татсан цахилгаан дамжуулах шугам тасарсныг Финландын ерөнхий сайд өчигдөр мэдээлжээ.

Үүний цаана хорлон сүйтгэх ажиллагаа байж магадгүй тухай Финландын эрчим хүчний түгээх сүлжээг хариуцагч Фингрид компанийн төлөөлөгч тус улсын Yle олон нийтийн телевизийн сувгаар ярьсан байна.

Финландын ерөнхий сайд Петтери Орпо уг гэмтлийн улмаас эрчим хүчний хангамжид нь ямар нэг тасалдал үүсээгүйг баталжээ.

“Хэдийгээр Зул Сарын баяр болж байгаа ч бид сонор сэрэмжээ алдалгүй үүссэн нөхцөл байдлыг шалгаж байна” гэж тэр Х хуудсандаа бичсэн байна.

Өнгөрсөн сард Швед, Дани улсуудыг холбодог Балтийн тэнгисийн эрчим хүчний хоёр шугам бас тасарч байсан юм.

Үүнийг тухайн үед тэнгист зорчиж явсан Хятадын “Yi Peng 3” хөлөг тасалсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа.

Прокурорууд шалгах хүсэлт тавьсан ч Хятадын тал зөвшөөрөөгүй тул хөлөг тухайн бүсээс гарч явсан тухай Даваа гарагт Шведийн тал мэдээлжээ.

Сүүлийн үед Балтийн тэнгист гарсан хэд хэдэн ийм хэргийн цаана Украины хямралтай холбоотой хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж Европын эрх баригчид сэжиглэж, Оросын тал үүнийг нь эрс няцаадаг.

Арваннэгдүгээр сарын 17-ны өглөө Шведийн Готланд арлыг Литва улстай холбодог шугам гэмтэж байв. Маргааш нь Финландын нийслэл Хельсинки хотыг Германы Росток боомттой холбодог кабель бас тасарсан юм.

2022 оны есдүгээр сард Оросын байгалийн хийг Европ руу дамжуулдаг Балтийн тэнгисийн усан доорх хоолой дэлбэрсний учир шалтгаан одоо болтол тодорхой болоогүй байгаа.

2023 оны аравдугаар сард Хятадын ачааны хөлгийн зангуу Финланд улсыг Эстонитой холбодог хийн шугамыг гэмтээж байжээ.

 

Эх сурвалж: AFP