Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоолоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Урт цагаан 1954 онд ашиглалтад оржээ

Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас Урт цагааны барилгын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир үйл ажиллагааг нь зогсоох Хотын даргын захирамж гарчээ.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат "Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект болоод байна. Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан" гэв.

Мөн тэрбээр "30 байгууллага ААН, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчсөн.

Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн түрээсэлж байгаа объектод засвар хийх онцгой үүрэгтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй, гэрээгээ биелүүлээгүй.

Түүнчлэн тухай объекийн талбайг метр.кв түрээсийн гэрээ хийсэн ч цааш 400 түрээслэгчдэд  дамлаж ашиг орлогыг олдог. Нийслэл энэ аюултай объектоос засвар үйлчилгээ хийхгүйгээр ашиг орлого олох үйлдлэээ таслан зогсоохоор боллоо.

Гэхдээ сошиалаар явж байгаа мэдээлэл шиг нураах асуудал яригдаагүй гэдгийг онцолмоор байна. Нураах эсэх асуудал НИТХ-ын бүрэн эрхэд бий.

Цаашид 400 түрээслэгч иргэнээ хохихооргүй байх тал дээр анхаарна. Ямар шийд гарахыг өнөөдөр хэлэхэд эрт байна" хэмээн онцолж хэллээ.

Урт цагааны барилгын тоосгон хананууд 90 хувийн эвдрэлтэй

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Мэргэжлийн хяналтын газраас Засвар үйлчилгээ хийгдэх ёстой гэх 3 удаагийн дүгнэлт гарсан. Тодруулбал, тухайн барилга байгууламжийн модон хийц нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй.

Мөн тухайн барилгын тоосгон хананууд 90 хувийн эвдрэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан.

Түүнчлэн бид хүчитгэл бэхэлгээ хийх эсвэл дараагийн барилга байгууламж барих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Үүнээс гадна цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд ус, дулаан хангамжийн хувьд ч шугам сүлжээ хуучирсан учир ашиглалтын шаардлага нь хэтэрсэн байна.

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан агт шийдвэрүүд ирээдүйд бий болж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг.

Бидэнд хүний амь наснаас илүү чухал хөрөнгө гэж байх ёсгүй. Тиймээс хөрөнгө мөнгийг хоёрдугаарт тавьж, тухайн барилгад үйл ажиллагаа явуулж буй болон үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухал" хэмээн ярив.

ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ: