Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт “Урт цагаан” үйлчилгээний төвтэй танилцаж, үйл ажиллагааг зогсоох саналтай байгаагаа мэдэгдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор “Урт цагаан шинэ эхлэл” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Урт цагаан-Шинэ эхлэл ТББ-ын тэргүүн Ц.Ганболд "Урт цагааны үйл ажиллагааг зогсоох асуудал 2012 оноос эхлэн дахин төлөвлөлт нэрийн дор хөндөгдөж байсан бөгөөд тухайн үед бид эрх чөлөөгөө хамгаалан тэмцэж байсан.
Түүнээс хойш 2019 оны намраас Улаанбаатар хотын шинэ удирдлагууд дээрх асуудлыг дахин хөндөж, Урт цагааны үйл ажиллагааг огт бүтэхгүй байгаа мэтээр нийгэмд ойлгуулж, хэзээ мөдгүй нурах болсон гэж мэдээлэх болсон нь ёс зүйгүй үйлдэл гэж бид үзэж байна.
Хоёрдугаар сарын 11-ний өдөр Урт цагааны хогийн цэг дээрээс тийм мэдээлэл хийсэн нь бодит үнэнээс хол зөрсөн.
Урт цагааны барилга нь 1958 онд хувийн хөрөнгөөр баригдсан анхны үйлчилгээний төв. 1990 он гарснаас хойш Нийслэлийн өмч удирдлагын газарт бүртгэгдсэн байдаг.
Одоогоор тус төвийг 30 аж ахуйн нэгж түрээсийн гэрээгээр эзэмшдэг бөгөөд цааш 400 иргэнд давхар түрээслэдэг.
Түүнлэн Урт цагаан хотын А зэрэглэлийн бүсэд оршдог учраас дарга нар бидний эрх ашгийг хөндсөөр ирсэн. Үйлчилгээ эрхлэгч бид өндөр түрээсийн дарамт дор байсаар ирсэн ч үйлчилгээгээ иргэддээ хүргэсээр байсан.
Түрээслэгч биднийг төрөөс нэг удаа ч хайхарч байгаагүй. Бидний ажлын байрыг булаан авах гэж байгаа шиг бид нийтэд хор уршиг учруулаагүй. Бид ур ухаанаа дайчлан хөдөлмөрлөж ирсэн. Тиймээс урт цагаанчууд бид хууль ёсны эрх чөлөөгөө нэхэж эсэргүүцнэ.
Бид үндэсний өв соёл болсон ахуй үйлчилгээ, үйлдвэрлэл хоршоо эрхлэгч гар урчуудынхаа бүтээлийг хадгалан үлдэхийн төлөө тэмцэх болно” гэлээ.
Мөн тэрбээр, “Эрх баригчид Байгалийн түүхийн музейн барилгыг устгасан. Үүндээ урамшиж дараагийн нураах барилгаар Урт цагааныг сонгож, доорх газрыг нь эзэмших гэж байна. Тэдний энэ ашиг сонирхлыг хангуулна гэж байхгүй” гэдгийг онцлов.
Урт цагаан-Шинэ эхлэл ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Б.Пүрэв-Очир "Өнөөдөр Улаанбаатар хотод Урт цагаан үйлчилгээний төвөөс гадна 60 жилийн настай барилга зөндөө бий.
Гэтэл яагаад зөвхөн Урт цагааныг устгах гээд байна вэ.
Баруунд хуучин барилгаа сэргээн засварлаж, түүхэн дурсгалт болгосон газар олон байдаг.
Яагаад засварлаад авч үлдэж болохгүй гэж. Урт цагаан гэх ахуй үйлчилгээний төвөө авч үлдэх хэрэгтэй” хэмээн ярилаа.
Урт цагаан-Шинэ эхлэл ТББ-ын ТУЗ-ийн гишүүн н.Оюунжаргал "1998 оноос эхлэн Урт цагаан үйлчилгээний төвд ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Улаанбаатар хотод ахуй үйлчилгээ төвлөрсөн ганц гудамж нь Урт цагаан.
2020 оныг ахуй үйлчилгээний жил болгон зарлаж байсан ч нийслэлийн удирдлагууд гэнэт ажлын байрны маань асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйгүй үйлдэл.
Одоогоор Урт цагаанд 400 орчим иргэн ажиллаж, амьдралаа залгуулдаг.
Бид бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ганц үйлчилгээний төвлөрсөн газрыг устгах нь зохисгүй” гэв.
Засвар үйлчилгээ хийлгүй өнөөдрийг хүрсэн шалтгааны талаар Урт цагаан-Шинэ эхлэл ТББ-ын тэргүүн Ц.Ганболд тайлбарлахдаа “Урт цагаан үйлчилгээний төвийг түрээсийн гэрээгээр эзэмшдэг 30 компани болон нийслэлийн Өмч, ашиглалтын газрын хоорондын харилцаанаас болж энэ барилгад засвар хийлгүй удсан талтай.
Сүүлийн 20 жил тухайн барилгад зохион байгуулалттайгаар засвар үйлчилгээ хийлгээгүй. Бид эрүүл орчинд ажиллаж хөдөлмөрлөх сонирхолтой байна. Тэднээс болж 400 хүн хохирох ёсгүй" гэсэн юм.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!