Уншиж байна ...
Зураг
Зураг

Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд 150 сая төгрөг төсөвлөжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
7 цаг 1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан улс орны хөгжил дэвшил болон олон улсын харилцааг бэхжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, амьдрал, үйл ажиллагааг судлан таниулах, залуу үед сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэж УИХ-ын 101 гишүүн үзэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай төслийг боловсруулсан байна. 

Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд улсын төсвөөс 150 сая төгрөг төсөвлөжээ. 

Ойг тэмдэглэх өнгөрүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Ж.Самбуу гуайн тухай хүмүүс маш их зүйл мэддэг. Төрийн үйл хэрэгт ямар хэм хэмжээ барих вэ гэдэг дээр маш том үлгэрлэл бий болгосон хүн.

Дэлхийн II дайны дараа манай улсын удирдагчид хөлжөөд, гаднаас их хэмжээний эд хогшил авчирч байсан юм билээ. Тухайн үед маршал Х.Чойбалсан “Дарга нар эдийн шуналын асуудал дээр элчин Самбуугаас суралц” гэж хэлж байсан гэдэг. Ж.Самбуу гуай Москвад зургаан жил элчингээр суугаад ирэхдээ галт тэрэгний буудал дээр хоёрхон чемодантай бууж байсан гэдэг юм билээ. Эндээс төрийн хүн шуналгүй байх ёстой. Хувийн шуналаа давсан хүн Монгол төрийн босгоор алхах ёстой гэдэг зарчмыг хүчтэй үлгэрлэж байсан нь харагдана.

Тэгэхээр хуучны юм бүхэн ул болсон гэсэн үг биш. Түүхэн дэх хүндтэй, сайн мөртэй хүмүүсийнхээ залгамжийг зарчим болгон авч явах ёстой.

150 сая төгрөгөөр Ж.Самбуугийн гар бичмэлийг ном болгон гаргах, баримтат нэвтрүүлэг, кино болон мал аж ахуй, газар тариалан, гадаад харилцаа, төрийн хүний ёс суртахуунтай холбоотой эрдэм шинжилгээний цогц хурлууд зохион байгуулна. Үүний зарим зардал нь эндээс гарах байх. Ихэнх зардал нь хувь хүмүүсийн хандив болон энэ хүний нэрэмжит сан, нутгийн зөвлөлөөс гарах болно. 100 хувь төсвөөс гарахгүй" гэв. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжлээ.