Уншиж байна ...

"Нийслэлийн 770 нийтийн байранд шалгалт хийхэд гэмт хэргийн зөрчил гарах байдал дийлэнх хувийг эзэллээ" гэв

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй есөн дүүргийн 770 нийтийн байранд шалгалт хийжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүлжээ.

Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5,730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс даалгасан байна. Шалгалтын ажлын хэсэгт нийслэлийн цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.

2025 оны хоёрдугаар сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45.6%-тай байна. 

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%.

НЦУГ-аас гаргасан энэ оны хоёрдугаар сарын мэдээгээр 142 нийтийн байрнаас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Нийтийн байр түрээслэгч 11,129 иргэнийг бүртгэсэн бол есөн дүүргийн 383 иргэн, аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52.5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна.

Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаагүйг илтгэжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс