Уншиж байна ...

Одон орон судлаачид Санчир гарагийн 128 дагуулыг шинээр нээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Одон орон судлаачид Санчир гарагийг тойрон эргэлддэг 128 шинэ сарыг нээснээр тус гараг нарны аймгийн гарагуудыг дагуулын тоогоор тэргүүлэх болжээ.

Саяхныг хүртэл хамгийн олон сартай гараг нь Бархасбадь байсан юм. Тэгвэл одоо нийт 274 сартай Санчир нь нарны аймгийн бусад гарагуудынхыг нийлүүлснээс бараг хоёр дахин олон дагуултай болж байна.

Одон орон судлаачид эхлээд Канад, Франц, Хавайн аралд байрладаг телескопуудыг ашиглан Санчирын 62 шинэ дагуулыг нээж байжээ.

Энэ үеэр илүү олон дагуул байгаа мэт шинж тэмдэг илэрсэн тул 2023 оноос хайгуулаа дахин үргэлжлүүлсэн юм байна.

Судалгааг ахалсан Тайванийн Астрономи, Астрофизикийн Синика Хүрээлэнгийн доктор Эдвард Эштон “Бид 128 шинэ сар илрүүлсэн нь баталгаатай. Бидний таамгаар бол Бархасбадь энэ тоог хэзээ ч гүйцэхгүй” гэж хэлжээ.

2024 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар Бархасбадь гараг албан ёсоор бүртгэгдсэн 95 дагуултай байгаа юм.

Олон Улсын Одон Орон Судлалын Холбоо энэ долоо хоногт Санчир гарагийн шинэ дагуулуудыг албан ёсоор бүртгэсэн байна.

Одоо тэдгээрт үсэг, тоо бүхий бүртгэлийн дугаар оноохоор ажиллаж байгаа ажээ.

Ингэсний дараа уламжлалын дагуу Санчирын бусад дагуулуудад оноосонтой ижил Галли, Норвеги болон Канадын уугуул иргэд Инуитуудын бурхдын нэрсийг оноох гэнэ.

Шинэ сарнуудын ихэнх нь Норвегийн бүсчлэлд хамрагдаж байгаа тул судлаачид эртний Викингийн бурхдын нэрсийг оноохоор хайж байгаа ажээ.

Шинээр нээгдсэн 128 сар нь цөөн хэдэн километрийн өргөнтэй, төмс хэлбэрийн биетүүд юм байна. Эдгээрийг “хэвийн бус сар” гэж нэрлэдгийн шалтгаан нь тухайн гарагийн систем дотор үүсээгүй, татах хүчний нөлөөнд орсон гаднын биетүүд гэж үздэгтэй холбоотой.

Тиймээс ийм биетүүдийн тоо олноор нэмэгдсэн нь цаашдаа чухам юуг сар гэж үзэх ёстой талаар маргаан үүсгэж болзошгүй байна.

Эштон “Сар гэж яг юуг хэлэх талаар тодорхойлолт одоогоор байхгүй. Ийм зүйл байх ёстой” гэсэн ч түүний баг нарны аймгийн нийт сарны тооны хязгаарт хүрсэн байж болзошгүйг хэлжээ.

“Одоогийн технологийн тусламжтайгаар бид Санчир, Тэнгэрийн Ван, Далайн Ван гарагуудын ойролцоо одоо байгаа сарнуудаас илүүг нээх боломжгүй гэж би бодож байна” гэж тэр энэ талаар тайлбарласан юм.

Шинэ сарнууд нэг дор бөөгнөрсөн байрлалтай байгаа нь сүүлийн 100 сая жилийн хугацаанд хоорондоо мөргөлдөж, бутарсан илүү том биетүүдийн үлдэгдэл байх боломжтойг харуулж байгаа гэнэ.

Шинэ сарнуудын хөдөлгөөн, байрлалын учир шалтгааныг ойлгох нь Санчир гарагийн бүслүүрийн үүсэл гарлыг судлахад түлхэц болно гэж астрономичид үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
1 | 1 | 5 цаг