Уншиж байна ...

АмЧам Монголын гуравдугаар сарын хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухааны давлагаанд бэлдэх нь” сэдвээр зохион байгуулагдав

ikon.mn
4 цаг 58 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 3-р сарын 11-ний өдөр “Хиймэл оюун ухааны давлагаанд бэлдэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт ОНДО ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул, Эй-Айя Академи Азиа-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ, ЛендМН ХХК-ийн дэд захирал Д.Баасансүрэн нар оролцож, Фаро Сангийн үүсгэн байгуулагч, А.Бямбажаргал хэлэлцүүлгийг удирдан явуулав.

Уг хэлэлцүүлгээр хиймэл оюун ухааны хөгжил Монгол Улсад хэрхэн нөлөөлөх, бизнесүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ямар үүрэг гүйцэтгэх болон хэрхэн технологийн үр шимийг оновчтой хүртэх тухай олон салбарын үүднээс хэлэлцлээ.  Мөн түүнчлэн бэлтгэл ажил, их өгөгдөл, хууль, эрх зүйн зохицуулалт, алсын хараа болон хэтийн бодлогоо томьёолох талаар санал солилцов.

зураг
 

ОНДО ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул онцлохдоо “Нэн тэргүүнд хүний нөөц, боловсролын асуудлуудыг хөндөх, цаашлаад хувийн хэвшилд байгаа компаниуд тэргүүлэх чиглэлээ хэрхэн тодорхойлох нь чухал гэж үзэж байна. Монгол Улсын хувьд хөгжиж буй орны давуу талаа ашиглах хэрэгтэй. Бусад хөгжсөн, манлайлж буй орнуудын бодит жишээ, туршлагаас суралцаж, нийтлэг алдаан дээр суралцах нь өгөөжтэй” хэмээв.

зураг
 

Эй-Айя Академи Азиа-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ “Юун түрүүнд бид хиймэл оюун ухааны салбараар дэлхийд тэргүүлнэ гэх мэт худлаа, хий хоосон том зүйл ярихгүй байх хэрэгтэй. Цөөн тооны жинхэнэ хөгжүүлэгчид байгааг дурдах нь зөв. Бидний түгээмэл дүр төрхийг ажиглахад боловсрол болон ур чадварын шатыг ихээхэн үл ойшоодог. Өнгөцхөн буюу яарч шийдэх, дутуу үнэлэх, явцдаа болно гэсэн хандлагаас улбаатай элдэв эрсдэлтэй учирдаг” гэж тайлбарлав.

зураг
 

Хэлэлцүүлгийг удирдсан Фаро Сангийн үүсгэн байгуулагч, Мета компанийн төлөөлөгч А.Бямбажаргал хэлэхдээ “Төрийн, хувийн, иргэний нийгмийн, аль ч салбарын байгууллага хиймэл оюуныг ашиглан үйл ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй болгох, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, аливаа зардлыг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгох боломжтой. Нэмж дурдахад хиймэл оюун ухаан, түүний хэрэглээ цаашид урт хугацаанд үргэлжлэх тул бид хүн бүрийг мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, хөгжлөөс хоцрохгүй байх гэдэгт итгэж байна” гэлээ.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.