АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Ираны эрх баригчдад захидал илгээснээ мэдээлж байв.
Уг захидалдаа тэр цөмийн зэвсгийн шинэ гэрээ байгуулахыг Тегеранд уриалаад саналыг нь хүлээж авахгүй бол хориг арга хэмжээ, дарамт шахалтаа эрс нэмэгдүүлж, газрын тосны экспортыг нь тэглэхээр сүрдүүлжээ.
Fox Business сувгаар ярихдаа Трамп “Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хоёр арга зам бий. Нэг бол хүч хэрэглэх, эсвэл гэрээ байгуулах” гэж байв.
Трампын мэдэгдлийн маргааш нь буюу Бямба гарагт Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени тус улс “хүчээр хэлэлцээний ширээний ард суухгүй” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян ижил утгатай зүйл ярьсныг төрийн төв хэвлэл нь өчигдөр мэдээлжээ.
“АНУ бидэнд тушааж, айлгаж сүрдүүлэх нь байж болшгүй зүйл. Би чамтай ямар ч хэлэлцээ хийхгүй. Ингэлээ гээд хүссэн бүхнээ хийгээрэй” гэж Пезешкян нэг арга хэмжээний үеэр хэлснийг дээрх мэдээнд эш татсан байна.
Иран улс цөмийн зэвсэг бүтээж байгаагаа олон жилийн турш үгүйсгэж байгаа.
Гэхдээ тус улс уран баяжуулалтаа эрчимжүүлж, 60 хувьд хүргээд байгааг Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг анхааруулдаг. Уран баяжуулалтын цөмийн зэвсэгт ашиглагдах түвшин нь 90 орчим хувь байдаг.
Тегераны эрх баригчид 2015 онд дэлхийн зургаан их гүрэнтэй цөмийн зэвсгээс татгалзах гэрээ байгуулж байсан юм.
Гэвч Трамп өмнөх засаг захиргааныхаа үед буюу 2019 онд энэ гэрээнээс АНУ-ыг гаргаж, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авч эхэлснээр Ираны тал цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!