Пүрэв гарагт үйлдвэрээсээ гарсан Умард Солонгосын цоо шинэ байлдааны хөлөг тэр дороо эвдэрч, Ким Жон Уныг маш их хилэгнүүлсэн тухай тус улсын төв хэвлэл мэдээлж байв.
Тэгвэл үүнийг батлах хиймэл дагуулаас авсан гэрэл зураг өчигдөр нийтэд ил болжээ.
Хажуу талаараа хэвтсэн хөлгийг хөх өнгийн зүйлээр хучсан байгааг дээрх зураг харуулсан байна.
Хөлгийн нэг хэсэг эргийн тавцан дээр байрласныг энэ зураг бас харуулжээ.
Ким Жон Ун уг эвдрэлийг “гэмт хэрэг” гэж үзээд хариуцлага алдсан хүмүүсийг хатуу шийтгэх даалгавар өгсөн тухай Умард Солонгосын төв хэвлэл мэдээлсэн юм.
Пүрэв гарагт тус улсын зүүн эргийн Чонжин боомтод гарсан энэ ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг мэдээлж байв.
Өчигдөр тус улсын Солонгосын Мэдээний Төв Агентлаг дахин мэдээлэхдээ эвдрэлийг “ноцтой биш”, хөлгийн ёроолд ямар ч нүх үүсээгүй гэсэн нь өмнөх өдрийн мэдээллээсээ эрс зөрсөн байна.
Өмнөх өдрийн мэдээндээ ёроолын хэсэг хагарч, бутарсны улмаас хөлөг хагас живсэн тухай дурдаж байсан юм.
Хөлгийн гэмтлийг засварлахад 10 орчим хоног шаардлагатайг өчигдөр нэмж мэдээлжээ.
Пүрэв гарагт Ким Жон Ун хэлсэн үгэндээ уг эвдрэлийг “хайхрамжгүй, хариуцлагагүй, шинжлэх ухаанч биш байдлын илрэл” хэмээн шүүмжилж, хариуцлага алдсан хүмүүсийг хэрхэн шийтгэхийг ирэх сард болох намын их хурлаар шийдвэрлэхээ мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
67 СЭТГЭГДЭЛТЭЙ
|