АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлснээ Куба улсын эрх баригчид анх удаа мэдээлжээ
Куба улсын ерөнхийлөгч Мигель Диаз-Канел засгийн газар нь АНУ-ын талтай саяхан яриа хэлэлцээ эхлүүлснийг Баасан гарагт мэдэгдсэн нь тус улсын эрх баригчдын зүгээс ийм алхам хийснээ хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болжээ.
“Манай хоёр улсын хоорондох санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх зорилготой уулзалт болсон. Олон улсын хүчин зүйлс ийм уулзалт болох замыг тавьж өглөө” гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ тэр ямар хүчин зүйлсийн талаар ярьж байгаагаа тайлбарлаагүй юм.
Сүүлийн гурван сарын хугацаанд Кубад ганц ч удаа газрын тосны тээвэрлэлт ирээгүйг ерөнхийлөгч АНУ-ын эрчим хүчний хориг арга хэмжээтэй холбон тайлбарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт Кубын баруун бүс нутагт цахилгааны хангамж тасалдаж, сая сая хүн гэрэл цахилгаангүй болж байв.
Хориг арга хэмжээний нөлөөн дор ард иргэдээ эрчим хүчээр хангах маш хэцүү байгааг Диаз-Канел энэ үеэр илэрхийлжээ.
АНУ-тай эхлүүлсэн яриа хэлэлцээний зорилгыг тэр “хоёр талын хооронд үүссэн хүнд хэцүү асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хайх” гэж тайлбарласан байна.
Диаз-Канел үүнийг “сөргөлдөөнөөс зайлсхийж, ойлголцлын орон зайг бий болгоход асар их хүчин чармайлт шаарддаг” тул “маш эмзэг үйл явц” гэж тодорхойлжээ.
Энэ оны эхээр АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Кубын газрын тосны нийлүүлэлт тасалдсан юм.
Ерөнхийлөгч Трамп эдийн засгийг нь боомилох аргаар Куба улсыг АНУ-аас хамааралтай болгох, цаашлаад 1959 оны хувьсгалаар тогтсон коммунист засаглалыг нь түлхэн унагахыг чармайж байна.
Тэрбээр Венесуэлийн нийлүүлэлтийг зогсоосныхоо дараа Кубад газрын тос экспортолдог улс орнуудыг худалдааны хориг арга хэмжээгээр сүрдүүлсний улмаас хоёр дахь том түнш Мексик улсын нийлүүлэлт бас зогссон юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
