Ираны шинэ дээд удирдагч шархдаж, зэрэмдэг болсон байж болзошгүйг Пентагоны тэргүүн мэдэгдэв
Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хамени шархдаж, зэрэмдэг болсон байж болзошгүйг АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт өчигдөр мэдэгджээ.
Хоёр долоо хоног үргэлжилж буй Ираны эсрэг дайны эхний өдөр түүний эцэг, эхнэр хоёр АНУ, Израилийн агаарын цохилтод амь үрэгдсэн. Тэр үеэс хойш Можтаба Хаменигийн ганц ч гэрэл зураг нийтлэгдээгүй байгаа.
Пүрэв гарагт тэр дээд удирдагчаар томилогдсоныхоо дараа анхны мэдэгдлээ гаргасан ч Ираны төв телевизийн хөтлөгч түүнийг нь уншиж танилцуулсан юм.
Уг мэдэгдэлдээ тэр Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаахаа амлаж, хөрш орнууддаа өөрийн нутаг дэвсгэр дээрх АНУ-ын цэргийн баазуудыг хаахыг уриалж байв.
“Шинэ дээд гэгдэж буй удирдагч шархадсан, зэрэмдэглэгдсэн байх магадлалтай гэж бид үзэж байна. Тэр өчигдөр мэдэгдэл гаргасан. Энэхүү сул дорой мэдэгдэлд дуу хоолой, дүрс байгаагүй. Зөвхөн бичгээр гаргасан мэдэгдэл байсан. Иран улс хангалттай олон камер, дуу хураагчтай. Тэгвэл яагаад бичгээр гаргах ёстой гэж? Яагаад гэдгийг та нар мэдэж байгаа. Түүний эцэг амь үрэгдсэн. Тэр айж, шархдаж, нуугдаж, хууль ёсны эрх мэдэлгүй байгаа” гэж Пентагоны төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Хэгсэт хэлжээ.
Лхагва гарагт Ираны нэг албан тушаалтан хэвлэлд ярихдаа Можтаба Хамени хөнгөн шархадсан ч ажил хэргээ явуулж байгааг мэдэгдэж байв.
Ираны төв телевиз түүнийг мэдээндээ “дайны шархдагч” гэж тодорхойлсны дараа ийм тайлбар өгсөн юм.
Сүүлийн 14 хоногийн дотор Ираны 6,000 гаруй байд АНУ-ын арми цохилт өгчээ. Энэ хугацаанд АНУ, Израилийн бөмбөгдөлтийн улмаас Иранд нийтдээ 2,000 орчим хүний амь үрэгдээд байна.
Гэсэн хэдий ч Ираны нисгэгчгүй онгоцнууд Кувейт, Ирак, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Оманд халдсан тухай мэдээ ирсээр байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
