АНУ-ын хууль хүчний байгууллагуудын эрэн сурвалжилж байсан картелын боссыг Боливи улсаас баривчлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн Боливи улсын хүчний байгууллагууд АНУ-ын засаг захиргааны эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад $2 саяын шагналтай бичигдэж байсан хар тамхины картелын боссыг баривчилжээ.

Баасан гарагийн өглөө эрт олон арван цагдаагийн албан хаагч Санта Круз хотын хоёр байшинд ажиллагаа явуулах үеэр ойролцоох барилгуудын дээвэр дээр мэргэн буучид байрласан байв.

Тэд энэ үеэр баривчлагдсан Уругвайн иргэн Себастян Энрике Марсет Кабрераг тэр даруй АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны нисэх онгоцонд шилжүүлэн суулгажээ.

зураг
 

Боливийн ерөнхийлөгч Родриго Паз энэ ажиллагааг улс орноо гэмт хэрэг, хар тамхины наймаа, авлигаас цэвэрлэх олон арга хэмжээний анхных нь болж буйг мэдэгдсэн байна.

Андын нуруунд оршдог Боливи улс сүүлийн бараг хориод жил социалист засаглалтай байсан тул АНУ-тай дайсагнасан харилцаатай байв.

Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улс төрийн барууны үзэл баримтлалтай ерөнхийлөгч Паз тангараг өргөснөөр ерөнхийлөгч Трампын холбоотон болжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Флорида мужид болсон “Америкийн Бамбай” дээд хэмжээний уулзалтын үеэр Паз, Трамп нар анх удаа нүүр тулан уулзсан юм.

Уг уулзалтын үеэр АНУ болон Латин Америкийн орнуудын удирдагчид хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх эвслийг байгуулж байв.

зураг
 

“АНУ-Боливийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа хурдацтай бэхэжсэний үр дүнд Марсетийн айдас түгшүүр, эмх замбараагүй байдлын ноёрхол дуусаж байна” гэж Олон Улсын Мансууруулах Бодис, Хууль Сахиулах Байгууллагын Товчоо сошиал хуудсаараа мэдэгджээ.

Марсет нь удаан хугацааны турш дэлхийн хэд хэдэн улсад эрэн сурвалжлагдаж, Интерполын улаан жагсаалтад багтаж байсан юм.

АНУ-ын хар тамхитай тэмцэх алба DEA түүнийг “эрэн сурвалжлагдаж буй хамгийн том гэмт хэрэгтнүүдийн жагсаалт”-даа оруулж, баривчлахад тусалбал $2 саяар шагнахаа амлаж байв.

Бельгийн Антверп хотод 2021 оны дөрөвдүгээр сард хураагдсан 10 тонн, дараа нь Парагвайд хураагдсан 4.3 тонн кокаины ард Марсеттай холбоотой картел байгаа гэж DEA үздэг.

Боливи бол Колумб, Перу улсуудын дараа дэлхийн гурав дахь том кокаин үйлдвэрлэгч улс юм.

зураг
 

Марсетийг олон хоног үргэлжилсэн тагнуулын ажиллагааны үр дүнд түүний үйл ажиллагаагаа удирдан явуулдаг Санта Круз хотоос баривчилсныг Боливийн дотоод хэргийн сайд Марко Антонио Овиедо мэдээлжээ.

Түүний өгсөн мэдээллээр Боливийн цагдаагийн хүч эхлээд дөрвөн бие хамгаалагчийг нь эхний байшингаас баривчилсны дараа хоёр дахь байшингаас Марсетийг баривчилсан юм байна.

 

Эх сурвалж: AFP