Индэр    
2025 оны 5 сарын 23
Зураг
Эдийн засагч

Нийтээрээ зөв хүн байя

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Магадгүй миний хөндөх сэдэв улиг болсон мэт боловч өөр өнцгөөс хөндөх гэж үзлээ.

Дундаж цалин бага, ядуурлын төвшин өндөр улс гүрэнд бүтэхгүй мэт боловч яагаад торгох биш урамшуулах систем рүү шилжиж болохгүй гэж.

Саяхан “Огцрох амархан” жагсаал дээр нэгэн иргэн “Төлсөн татварынхаа хэмжээгээр эрхээ эдэлж амьдармаар байна” гэж хэлсэн нь миний гаргаж тавих гэж буй асуудалтай агаар нэгэн бөлгөө.

Иргэн баян бол улс баян. Баялаг бүтээгч бол иргэн. Тэгэхээр одоогийн улс төрчдийн яриад байгаа их орлоготой иргэнээс их татвар авах биш, их орлоготой байх тусам бага татвар төлдөг систем рүү явбал иргэд илүү баялаг бүтээх гэж зүтгэх болов уу.

Монгол Улсын одоогийн систем нь торгох, шийтгэх тогтолцоотой. Татвараа хоцроовол торгууль, хэв журам зөрчвөл торгууль, их орлого олбол өндөр татвар, ядуу амьдарвал тэтгэмж гэх мэт. Торгууль, шийтгэл, татвар, халамж нийгмийн салшгүй нэг хэсэг мөн боловч торгуулийг сайшаал, урамшуулалтай холбовол иргэд муу байхын төлөө бус сайн байхын төлөө зүтгэх бус уу.

Бид боловсролтой, мэдлэгтэй, соёлтой, чадалтай ард түмнийг бий болгож хэмээнэ чанартай иргэнтэй, баян улс болох үндэс суурь бүрдэнэ. Урт юм бичвэл нурших гээд байгаа болохоор хэдэн жишээгээр тайлбарлах гэж оролдъё:

1. Сайн жолооч: Зам тээврийн осол гаргавал торгох нь зөв. Гэхдээ осол огт гаргадаггүй иргэнийг урамшуулбал илүү олон жолооч зам тээврийн зөрчил гаргахгүйг хичээх бус уу. Хэрэв удаа дараа осол гарвал торгуулийг өсөх прогрессоор ногдуулах. Цаашлаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах. Одоо үйлчилж буй журмаар зам тээврийн торгуулийг 15 хоногт төлбөл 50% хөнгөлөх нь торгуулийг хурдан төлүүлэх арга болохоос иргэнийг сайн жолооч байх сэдлийг төрүүлэхгүй байна.

2. Орлого өндөр байх тусам бага татвар төлөх эсвэл илүү урамшуулал: Одоо манай улсад үйлчилж буй тогтолцоо нь бүгд нэгэн жигд боловч татвар төлөгч иргэн жилд 36сая төгрөгөөс илүү орлоготой бол ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагддаггүй. Түүнчлэн үе үе цухас хийдэг их орлоготой иргэнээс илүү татвар авах асуудал. Бүтээмжээ нэмэгдүүлж, цалин нэмэгдүүлэх хүслийг мохоож буй үйлдэл. Харин эсрэгээрээ иргэн өндөр цалин авах тусам ХХОАТ-ын хувь буурдаг, эсвэл төлсөн татвараас нь тодорхой хэмжээг буцааж олгодог бол татвар өндөр төлсөндөө урамшиж, ажиллах эрч хүчтэй болох сэдэлтэй болно. Доорх хүснэгтэд дурдсан хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10дахин нэмэгдүүлснээс дээш орлоготой иргэнд олгодог болбол...

Статистикийн хорооны мэдээллээс харвал 2023 онд нийт ажилчдын 12.2 хувь нь гурван саяас дээш цалинтай байсан бол 2024 онд нийт ажилчдын 32.4 хувь нь 3саяас дээш цалинтай болж өссөн байна. Тэгэхээр ХХОАТ-аас олгодог хөнгөлөлтийг бага бус их цалинтай хэсэгт нь урамшуулал болгон өгвөл бага орлоготой иргэд орлогоо нэмэгдүүлэхийг хүснэ. Хүссэн хүн үйлдэл хийнэ, бүтээмж нэмэгдэнэ, сурна, боловсорно.

3. Эрүүлжүүлэхэд нэг удаа орох, олон удаа орох хоёрт бас өөр өөр шийтгэлтэй болох хэрэгтэй байх. Архи огт уудаггүй иргэн, эсвэл анх удаа архи хэрэглэж буй иргэн ялихгүй асуудлаас болж цагдаад баригдсан тохиолдолд заавал эрүүлжүүлэхгүй, ар гэрт нь хүлээлгэж өгдөг байх. Хүүхдийн тоглоомын талбайгаас байнга шахуу согтуу баригддаг этгээдэд илүү хүнд шийтгэл оногдуулж, албадан хөдөлмөр хүртэл эрхлүүлэх;

Дүгнэж хэлбэл их орлоготой байх тусам төрөөс илүү үйлчилгээ авч, зөв амьдарсныхаа төлөө илүү урамшуулал авах.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа