Зураг
Зураг
Индэр    
2024 оны 6 сарын 11
Зураг
Эдийн засагч

Санхүүгийн соёл ба иргэдийн ухамсар

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Юмыг шүүмжлэх амархан гэдэг. Монгол Улсын санхүүгийн салбар болж бүтэж байгаа зүйл байгаа ч болохгүй зүйл элбэг байна. Төр засаг, санхүүгийн салбарын тоглогчдыг муулдаг ч иргэд хувь хүний хөгжилдөө анхаарах хэрэгтэй гэж боддог.

[Дараалалд зогсох соёл] Үйлчилгээний байгууллагад дараалан зогсоход оочер дайрах явдал элбэг харагддаг. Хүн болгонд цаг үнэтэй. Нийгмийн харилцаанд харилцан биедээ хүлээцтэй хандаж, бусдын цаг хугацааг хүндэтгэж сурах хэрэгтэй.

Нью Йорк, Токио, Шанхай зэрэг том хотод хөрөнгийн зах зээл дээр ажиллаж буй брокер, диллерүүд мэдээ, мэдээлэл, цагтай уралдаж, арилжаанд оролцдог шиг Улаанбаатарын дийлэнх иргэн тийм дүр зурагтай болжээ. Ялангуяа авто замын хөдөлгөөнд мэдэгдэнэ. Урсгал сөрөх, явган хүний гарц руу дайрах гэх мэт.

Дараалал дайрч буй хүнд дургүй хэрнээ өөрөө дараалал дайрахдаа бусдад төвөг удаж байна гэдгээ хэсэг бүлэг хүн боддоггүй бололтой. Бүгд мэддэг ч бүгд хараагүй мэт өнгөрдөг нь харамсалтай.

[Бусдын асуудалд хошуу дүрэх] Нэг өөрчлөгддөггүй үзэгдэл байна. 10-аад жилийн өмнөх дүр зураг бараг өөрчлөгдөөгүй мэт. ATM-д мөнгө авах үед ард зогсож буй үйлчлүүлэгч чихэн дээр амьсгалах нь холгүй нууц код, дансны үлдэгдэл харан зогсоно.

КОВИД-ын үед хоёр метрийн зайг барьж сурсан байх. Гэхдээ хөл хөдөлгөөн ихтэй газар ижил дүр зураг байсаар байна.

[Нууцлал буюу аюулгүй байдал] Монгол Улсын банкны салбарын хөгжил олон улсад дээгүүрт орох зүйлс олон бий. Төлбөрийн дэд бүтэц, картын систем. Харамсалтай нь бид хувийн нууцлалтай мэдээллийг хээв нэг бусдад зарлан зогсдог. Картынхаа нууц дугаарыг дэлгүүрийн худалдагчид хэлэх нь мөнгөө эрсдэлд оруулж буй нэг хэлбэр.

Монголбанк картын систем нэвтрүүлэх, арилжааны банк нууцлалтай карт үйлдвэрлэх, иргэд карт авах бүх процессын цаана төлбөр яригдаж байдаг. Гэтэл олон улсаас өндөр үнээр худалдан авсан системийг худалдагчидтай өөрсдөө нийлэн өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нь бидний гэнэн итгэмтгий зантай холбоотой байх.

[Монголбанк ба СЗХ] Дээрх бүх гэнэн байдлыг арилгах зорилгоор Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо(СЗХ) иргэдэд санхүүгийн боловсрол олгох компанит ажил 2015 оноос явуулж эхэлсэн. Сургалтыг ахлах анги, их сургууль болон сайн дурын үндсэн дээр насанд хүрэгчдэд танхимаар явуулж байгаа бололтой.

Мөн www.sankhuugiinbolovsrol.mn сайтыг ажиллуулж олон нийтэд хүргэдэг юм байна.