Зураг
Зураг
Индэр    
2024 оны 11 сарын 12
Зураг
Эдийн засагч

Гадаад валют яагаад хязгаарлав?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бараг сар ажлаа, энэ тухай ам нээж байгаа хүн алга. Арилжааны банкнууд гадаад валютын шилжүүлэг дээр хязгаарлалт тавиад хэсэг хугацаа өнгөрчээ. Банкны ажилчид дотоод шийдвэрийн дагуу гэснээс олигтой хариу өгөхгүй юм.

Ямартай ч АНУ-ын сонгууль дуусаж, тодорхой бус байдал нэг тийш шийдэгдлээ. Түүнчлэн 2024 онд Монгол Улсын экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрсэн зэрэг үзүүлэлт нь энэ удаагийн хязгаарлалт богино хугацааных байх магадлал өндөр байна.  

Тэгвэл арилжааны банк яагаад дотооддоо ийм шийдвэр гаргах болов?

1. Монголбанк дуудлага худалдааны хэмжээг танах: Гадаад Албан Валютын Нөөц(ГВАН) 2024 оны тавдугаар сард 5.18 тэрбум ам. доллар байсан бол 2024 оны аравдугаар сард 4.70 тэрбум ам. доллар болж багассан байна. Гэхдээ энэ нь Монгол улсын импортын 4-өөс 5 сарын хэрэгцээг хангах, хэвийн төвшинд хадгалагдаж байна.

Экспортын орлого нэмэгдэх хэрээр эдийн засаг тэлж, импортын зардал нэмэгдэж байгаа нь ГВАН-д сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монголбанк зах зээлд нийлүүлж байгаа гадаад валютаа багасгасан байх магадлалтай.

Хэрэв ГВАН үргэлжлэн буурвал КОВИД-ын үеийнх шиг гадаад шилжүүлэг дээр нэг сая төгрөгөөр хязгаарлагдах аюултай.

2. Гадаад валютын үнийн хүлээлт: Банк зээлээс гадна үйлчилгээний хураамж, гадаад валютын ханшийн зөрүүгээс ашиг олдог байгууллага. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэн Ази даяар ам.долларын үнэ чангарсан. Үүнтэй холбоотой ашиг хийх зорилгоор гадаад валютыг зах зээлд нийлүүлэхгүй барьсан байж магадгүй.  

3. Гуравдагч орны иргэдийн гадаад валют худалдан авалт: Орос Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй ОХУ-ын зах зээлд дийлэнх орны гадаад валют олдоц муутай болж, гадаад руу зорчиход гуравдагч орноор дамжих шаардлага үүссэн.

Монгол Улсаар дайран өнгөрч буй Орос улсын иргэдийн хэрэгцээ, дотоодын хэрэгцээг нэмэгдүүлж, ГВАН-д нөлөөлсөн байж болзошгүй.